Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Москвад уулзсан Хятад, Энэтхэгийн гадаад хэргийн сайд нар хилийн сөргөлдөөнөө зогсоохоор тохиролцов

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Москва хотод болж буй ШХАБ-ын чуулганы үеэр Хятад, Энэтхэгийн гадаад хэргийн сайд нар уулзаж, Хималайн уулсын хилийн маргаантай бүс нутаг дахь сөргөлдөөнөө зогсоохоор тохиролцжээ.

Энэтхэгийн гадаад хэргийн сайд Субрахманям Жайшанкар, Хятадын гадаад хэргийн сайд Ван И нарын хамтарсан мэдэгдэлд “хилийн бүс нутагт үүсээд байгаа одоогийн нөхцөл байдал нь хоёр улсын аль алиных нь ашиг сонирхолд нийцэхгүй байгаа”-г илэрхийлсэн байна.

Талууд хилийн сөргөлдөөнөө яриа хэлэлцээний арга замаар зохицуулж, сөргөлдөөнийг даамжруулах ямар нэг үйлдэл гаргахгүй байхаар тохиролцжээ.

Хоёр улсын хооронд үргэлжилдэг 4,000 км хилийн зурваст LAC (Line of Actual Control) нэртэй шийдэгдээгүй хэсэг байдаг. Энэ оны тавдугаар сараас хойш энд хоёр улсын цэргүүдийн хооронд мөргөлдөөн хэд хэдэн удаа гарч, талууд хилийн хоёр талд цэрэг зэвсэг хуримтлуулах болсон юм.

Энэ долоо хоногийн эхээр LAC хилийн шугам дээр 1975 оноос хойш анх удаа буун дуу гарсан байна.

Хэдхэн хоногийн өмнө Хятад, Энэтхэг улсуудын батлан хамгаалахын сайд нар Москва хотод уулзаж, хилийн сөргөлдөөнөө зогсоох эхний тохиролцоог хийсэн юм.

Хилийн зөрчил маргаан хоёр орны эдийн засгийн харилцаанд нөлөөлж, Энэтхэг улсад Хятадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, 5G сүлжээнд шилжихдээ Хуавэй компанийн тоног төхөөрөмжийг ашиглахгүй байх шийдвэр гаргажээ.

Үүнээс гадна Энэтхэгийн засгийн газар өнгөрсөн долоо хоногт Хятадын компаниудын 118 ширхэг аппликэйшнийг хориглосны дотор Тэнсэнт компанийн PUBG Mobile Lite гар утасны тоглоом, Alipay төлбөр тооцооны аппликэйшн багтсан юм.

Зургаадугаар сард TikTok богино видеоны сошиал сүлжээг бас хориглож байжээ.

 

Эх сурвалж: Bloomberg