Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Цэрэндулам: Зарим ШТС-ын бензиний савнаас ус илэрсэн

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Шатахуун түгээх станцуудад хийсэн шалгалтын дүнг өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас танилцууллаа.

Энэ оны наймдугаар сарын 6-нд шатахууны жижиглэн худалдаа эрхлэгчид үнэ нэмсэн эсэхэд хийсэн шалгалттай холбоотойгоор ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “Үнээ нэмж борлуулж байгаа зарим газрууд шатахууны үнээ ил тод мэдээлээгүй, ямар үнээр иргэд хэрэглэгчдэд худалдан борлуулж байгаа нь тодорхойгүй байсан зэрэг нийтлэг зөрчил хяналт шалгалтаар илэрсэн.

Шатахууны худалдаа эрхлэгчдийн дунд картын хөнгөлөлт, урамшуулал зарлах явдал нь түгээмэл байна. Зарим тохиолдолд урамшууллыг ойлгомжгүй, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн байдлаар зохион байгуулсан тул хуулийн дагуу уг зөрчил дутагдлыг таслан зогсоох чиглэл өгсөн.

Есдүгээр сарын 4-нд хийсэн шалгалтаар хууль бусаар жижиглэнгийн худалдаа эрхэлсэн нэр бүхий гурван тээврийн жолооч, зориулалтын бусаар ашигласан гэх тээврийн хэрэгслийг баримтжуулсан. Тухайлбал,

  1. 22-ын товчоо орчимд шатахууны хууль бус худалдаа эрхэлсэн зөрчлийг илрүүлсэн.
  2. Сонсголон орчимд зарим шатахуун түгээх станцуудын ойролцоо портероор шатахууны жижиглэн худалдаа эрхэлсэн зөрчлийг илүүлж, таслан зогсоосон.
  3. Сонгинохайрхан дүүргийн ТЭЦ-4 орчим портертой иргэн худалдаа эрхэлсэн үйл ажиллагааг илрүүлж таслан зогсоосон.

Есдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд бөөнөөр худалдах үйл ажиллагаа эрхэлж буй газруудад шатахуун хадгалах, нөөцлөх үйл ажиллагаанд Түүврийн аргаар сонгосон ШТС-уудад хяналт шалгалт хийсэн. Эхний дүгнэлтээр,

  • "Тэс Петролуим" ХХК-ийн ШТС-7-ын дизель түлш болон АИ92 авто бензиний хоёрдугаар савнаас бохирдол буюу ус илэрсэн.
  • "Шунхлай” ХХК-ийн ШТС-32 АИ95 авто бензиний савнаас ус илэрсэн, лаг наалдсан байдалтай гарч ирсэн.
  • "Синчи Ойл" ХХК-ийн ШТС-2-ын АИ92 авто бензиний хоёрдугаар савнаас ус илэрсэн.
  • “Петрожамп” ХХК-ийн ШТС-2-ын АИ92 авто бензиний савнаас ус илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон.

Хөндлөнгийн лабораториор шинжлүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулж ажиллаж байна" гэв. 

"Ус нь шатахууны саванд цэвэрлэгээ хийгээгүй удсанаас конденсацаар үүсдэг. Тиймээс шатахуун худалдаалах байгууллагууд савны цэвэрлэгээг хийж, хэрэглэгчдэд цэвэр шатахуунаар үйлчлэх үүрэгтэй" хэмээн МХЕГ-ын төлөөлөл хэлсэн юм. 

"“Петровис трэйдинг" ХХК дизель түлш, АИ92, АИ80 зэрэг газрын тосны бүтээгдэхүүнийг бөөнөөр худалдан борлуулахдаа борлуулалтын гэрээ хийдэггүй"

Үүнээс гадна “Петровис трэйдинг" ХХК дизель түлш, АИ92, АИ80 зэрэг газрын тосны бүтээгдэхүүнийг бөөнөөр худалдан борлуулахдаа борлуулалтын гэрээ хийдэггүй. Аюултай бараа тээвэрлэж яваа бол гэрээ байгуулж ажиллах ёстой байтал шаардлагыг биелүүлээгүй, дотоод хяналт бүрдээгүй байсныг хэллээ. 

Тодруулбал, агуулах бөөний худалдаа, хөдөлмөр аюулгүй байдлын стандартыг хэрэгжүүлдэггүй, шатахуун тээвэрлэдэг жолооч нартаа аюулгүйн зааварчилгааг бүрэн гүйцэт өгдөггүй зөрчил илэрсэн. Үүгээр зогсохгүй шатахуун тээвэрлэж байгаа жолооч нар мэргэжлийн үнэмлэхгүй, тухайн машиныг барих зөвшөөрөлгүй мөртлөө жолоодсон, бүрэн бус тээврийн машин хэрэглэсэн гэх зөрчлүүд гарсан байна. 

Дээрх зөрчлүүдтэй холбоотойгоор хууль бус худалдааг дэмжсэн үйл ажиллагааг таслан зогсоох, гэмт хэргийн шинжтэй эсэхийг нь шалгах ажлыг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэх дүгнэлтийг ШӨХТГ-аас гаргажээ.