Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ирак дахь цэргийнхээ тоог эрс бууруулах болсныг АНУ зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Америкийн “Дуусдаггүй дайн”-ыг эцэс болгох ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн амлалтын хүрээнд Ирак дахь АНУ-ын цэргийн тоог эрс бууруулах болсноо Цагаан ордон өчигдөр зарлажээ.

Өнөөдөр Ирак улсад тус улсын 5,200 цэрэг байрлаж байгаа бол удахгүй энэ тоо 3,000 болж буурах юм байна.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэйли Макэнани уг шийдвэрийг сонгуультай ямар ч холбоогүй, Иракийн зэвсэгт хүчин улс орноо хамгаалах хангалттай чадвартай болсонтой холбоотой болохыг тайлбарлажээ.

“Дуусдаггүй дайныг дуусгаж байна. Бид энэ тухай олон удаа сонсож байсан ч бодитоор хэрэгжихийг нь харж байгаагүй. Ерөнхийлөгч Трамп АНУ-ыг олон улсын зэвсэгт мөргөлдөөнд татан оруулсан Америкийн үе үеийн ерөнхийлөгч нарын 39 жил үргэлжилсэн буухиаг зогсоож байна” гэж тэр мэдэгдсэн юм.

АНУ-ын төв тойргийн цэргийн командлагч, генерал Кеннет Маккензи “Иракийн зэвсэгт хүчин бие даан үйл ажиллагаа явуулах чадвартай болсон” нь цэргийн тоог бууруулах шийдвэрт нөлөөлсөн гэж Багдад хотод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

2012 онд ерөнхийлөгч Барак Обама мөн адил Ирак дахь цэргийнхээ тоог бууруулах шийдвэр гаргаж байв. Гэвч хоёр жилийн дараа Исламын Улс зэвсэгт бүлэглэлийн үйл ажиллагаа Иракт эрчимжсэний улмаас АНУ-ын цэргийг буцаан нэмэгдүүлж, 5,000-аас дээш тоонд хүргэж байв.

Ерөнхийлөгч Дональд Трамп 2016 онд сонгогдохдоо Америкийн “дуусдаггүй дайн”-уудыг эцэс болгох амлалт авч байсан юм.

2020 оны сонгуульд өрсөлдөхдөө тэр энэ амлалтаа биелүүлэх замаар өрсөлдөгч Жо Байденаас илүү оноо авахыг хичээж байна.

Мягмар гарагт Трамп сонгуулийн цуглаанд оролцож, үг хэлэхдээ “Бид Америкийг шинэ дайнд орохоос сэргийлж, цэргүүдээ эх оронд нь буцааж байна. Хэдэн зуун тэрбум долларыг дайнд зарцуулаад оронд нь бид юу олж авсан юм бэ? Байден Иракийн дайныг эхлүүлэхийн төлөө байсан хүн” гэж ярьжээ.

Трамп бас Афганистанаас цэргээ гаргаж эхлээд байгаа. АНУ-ын 12,000 гаруй цэрэг Афганистанд байснаас өнгөрсөн долдугаар сард 8,600 болж буурсан бол ирэх сард 4,500 болгох төлөвлөгөөтэй байна.

Хэрвээ Афганий засгийн газар, Талибан хоёр энхийн гэрээ байгуулж чадвал 2021 оны тавдугаар сард бүх цэргээ гаргаж дуусах төлөвлөгөөтэй байгааг генерал Маккензи мэдэгджээ.

Гэхдээ нөгөө талаар АНУ-ын цэрэг Ойрх Дорнод, Афганистанаас гарсны дараа бүс нутагт террорист байгууллагууд болон Ираны нөлөө нэмэгдэх эрсдэл үүсч байгааг судлаачид анхааруулж байна.

 

Эх сурвалж: AFP

 

Зураг
13 | 16 | 16 цаг