Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Нүүрс тээврийн жолооч нар Лхагва гарагаас эхлэн ажил хаялт зарлахаа мэдэгдэв

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Тээвэрчдийн гэргий нарын холбоо болон Баянзам тээвэрчдийн холбоо, Тээвэрчдийн зөвлөлөөс Цагаан хад-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрт явж буй жолооч нарын амь нас эрсдэж буй талаар болон тэдний нийгмийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг яаралтай томилох, хоёр жил гаруй гацаад буй нүүрс тээврийн жолооч нарын автомашины зогсоол, амрах байрыг ашиглалтад оруулахыг шаардсан юм.

"Ганцхан сарын дотор гурван тээвэрчин амиа алдаж, гурван тээвэрчин маш хүндээр гэмтлээ"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн Н.Ялагдашгүй “Уурхайчид, тээвэрчид нүүрсний экспортоор Монгол Улсад нэг өдөрт 8 сая ам.долларын орлого оруулдаг. Энэ дүнгийн ядаж 0.001 хувийг тэдний ажиллах орчинд зориулж өгөхийг төр засгаас хүсэж байна.

Мөн 2019 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Ерөнхий сайд Ц.Хүрэлсүхийн дахиж нэг ч жолооч хөлдөж, угаартаж, замын эвдрэлээс болж амиа алдахгүй гэсэн амлалт хаа байна гэж асуумаар байна. Сүүлийн 30 хоногийн дотор л гэхэд гурван тээвэрчин цаг бусаар амиа алдаж, гурван тээвэрчин маш хүндээр гэмтлээ.

Хүн бүр нүүрсний экспорт Монгол Улсад эдийн засгийн ямар ач холбогдол өгч байгааг нь ярьдаг. Тэгсэн хэдий ч түүнийг нь зөөвөрлөж байгаа хүмүүсийн ажлын байрны нөхцөлд анхаардаггүй.

120 тонн ачаатай тээврийн хэрэгсэл эргэх хөдөлгөөн хийх тийм ч амар биш. Тавантолгой-Гашуунсухайтын зам дээр тойроод гарах боломжгүй том нүх үүсээд 3-4 жил болж байхад одоог хүртэл бөглөөгүй.

Замын хэсэгхэн эвдрэлээс болж өдөр болгон шахуу нүүрс тээврийн машин унаж байхад холбогдох албаныхан яагаад тэр хэсгийг  засварлаж, нүхийг нь бөглөчхөж болохгүй байна вэ. Тэр нүхийг өдөрт 1,000-1,400 тээврийн хэрэгсэл дайрч өнгөрдөг.

Ар гэрээ тэжээх гэж зүтгэх яваа маш олон залуус замын эвдрэлийг аз нь таарвал эвийг нь олоод дайраад гардаг, аз таарахгүй бол амиа алдаж байна. 

Монгол Улсын төсөвт өдөрт 8 сая ам.доллар оруулж байгаа 14 мянган хүний суурьшилтай тээвэрчдийн ажилладаг газар бол Монгол Улсад байгаа цорын ганц тог цахилгаангүй бүс байсаар байна.

Тавантолгой-Гашуунсухайтын замд олон осол гарсаар байхад дүгнэлт гаргаж, засвар арчлалтыг нь хийх ёстой зам хариуцсан компани болон хяналт тавих ёстой мэргэжлийн хяналтын байгууллага хариуцлага хүлээж, ажлаа хийхгүй байна.

Тээвэрчид аргаа бараад наймдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 10 хоногийн суулт зарласан. Эцэст нь наймдугаар сарын 28-ны өдөр холбогдох албаны хүмүүс очиж, асуудлыг шийднэ гээд амлалт өгөөд явсан. Бүрэн эрхт төлөөлөгч томилж бидний асуудлын шийдвэрлэж өгнө гэх амлалтаа биелүүлж амжаагүй байхад дахин хоёр машин унаад нэг жолооч амиа алдаж, нэг нь ухаангүй байна” хэмээн ярилаа.

"Нүүрс тээврийн жолооч нарын автомашины зогсоол, амрах байрыг ашиглалтад оруулахыг шаардаж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Баянзам тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Баярхүү Тавантолгой-Гашуунсухайтын 14 мянган жолоочийн амь насыг хамгаалж чадахгүй бол бүгд ажлаа өгөөрэй гэж Ерөнхий сайд жилийн өмнө хэлж байсан. Гэтэл жилийн өмнөхөөс байдал өөрчлөгдөөгүй, хариуцлага хүлээсэн хүн нэг ч алга байна.

Бид наймдугаар сарын 28-ны өдөр Тавантолгойн уурхайд тээвэрчдийн төлөөлөл болон уурхай хамтран байгуулсан тээврийн жишиг тарифыг нэмэгдүүлэх санамж бичгийн биелэлт хангалтгүй байгаа тул Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг яаралтай томилж, тээвэрчид, тээврийн компаниудтай уулзалт зохион байгуулах,

Баригдаж эхэлсэн ч хоёр жил гацсан зогсоол, амрах байрыг ашиглалтад яаралтай оруулж, ирэх өвөл жолооч нарын хаана толгой хорогдох газрыг тодорхой болгохыг шаардаж байна. 

Мөн уул уурхайн бүтээгдэхүүний орлогоос сан үүсгэж тээвэрчдэд тусалдаг болохоор жилийн өмнө ярьсан. Тэрийгээ хэрэгжүүлмээр байна.

Бид Лхагва гарагаас эхлэн албан тушаалтнуудаас хариуцлага нэхэж, ажил хаялт зарлана” гэв.

"Нүүрс тээвэрчид эрүүл аюулгүйн наад захын орчинг бүрдүүлэхээргүй нөхцөлд ажилладаг"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Тээвэрчдийн гэргий нарын холбооны УЗГ Д.Жавзансүрэн “Сүүлийн ганцхан сарын дотор нүүрс тээврийн гурван жолооч амиа алдлаа.

Хамгийн гол асуудал нь өнөөдөр нэг жолооч амиа алдахад тухайн жолоочийн буруутай үйлдэл болоод үлддэг жишиг тогтчихоод байна.

Сайд, дарга нар нүүрсний экспорт гээд их дүнтэй мөнгөн дүн ярихаасаа өмнө нүүрс тээвэрлэлтийг хийж байгаа жолооч нарыг ардаа хань ижил, үр хүүхэдтэй амьдралаа явах гэж зүтгэж яваа амьд хүн гэж нэг бодож үзэж, ажиллах орчинд нь санаа тавиасай гэж хүсэж байна.

Энэ бол зөвхөн тэр 14 мянган жолоочийн асуудал биш. Нэг жолоочийн ард гэхэд 3-4 хүн хүлээгээд, санаа зовоод сууж байна. Гэр бүл, үр хүүхдээ сэтгэлдээ тээгээд олон тонн нүүрс тээвэрлээд амьдралынхаа төлөө зүтгэж байгаа хүмүүс анхаарч, шаардлагыг маань биелүүлэхийг шаардаж байна.

Машин дотроо жижигхэн кабинд тээвэрлэлт хийж тэндээ амьдарна гэдэг бол хэцүү. Нүүрс тээвэрчид эрүүл аюулгүйн наад захын орчинг бүрдүүлж чадахааргүй нөхцөлд ажилладаг” гэв.