Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Энэтхэгт халдварын тоо 21 хоногт ХОЁР САЯАР НЭМЭГДЛЭЭ

Г.Номин, iKon.mn
2020 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар ээлжит мэдээллээ хийж байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1388575381353260/

Дэлхий дахинаа 25,480,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 861,000 хүн энэ өвчний улмаас эндсэн бол 18 сая хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "24 цагийн хугацаанд 208,000 хүн шинээр халдвар авч, 3,000 гаруй хүн эндсэн байна.

Энэтхэг улсад сүүлийн зургаан сарын турш халдварын тоо өссөөр 1 саяд хүрээд байсан бол сүүлийн гурван долоо хоногт өвчлөл 2 саяар нэмэгдэж, нийт халдварын тоо 3 саяд хүрлээ.

  • Манай хөрш ОХУ-д сүүлийн 24 цагт 4,729 хүн өвчилж, 123 хүн эндсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн хүний тоо 1 саяд хүрсэн байна.
  • БНХАУ-д 24 цагийн хугацаанд 20 тохиолдол шинээр бүртгэгдсэний 8-г нь гадны улс орнуудаас зөөвөрлөгдсөн гэж үзжээ.
  • Япон улсад сүүлийн хоногт 633 хүн шинээр халдвар авч, 13 хүн эндсэн байна. Тиймээс тус улсын Засгийн газраас шинжилгээний чадамжаа дээшлүүлж, өдөрт 200,000 хүнийг шинжилгээнд хамруулах болсныг мэдээллээ.
  • БНСУ-д 24 цагийн хугацаанд 267 хүн шинээр халдвар авлаа. Тэдгээрийн 14 тохиолдлыг гадаад орнуудаас зөөвөрлөгдсөн гэж үзжээ. Тус улсад сүм хийдээс үүдэлтэй халдвар зонхилж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан сүмийн үйл ажиллагаанд оролцож халдвар авсан хүмүүсийн эмчилгээний зардлыг тухайн сүмээр нь төлүүлэх шийдвэр гарсан байна.

Зарим судалгаа шинжилгээ, хариу арга хэмжээний талаар тоймыг танилцуулъя:

  • Бостоны хүүхдийн эмнэлгийн судлаачид 1-22 насны 192 хүнийг хамруулсан судалгаа хийж, халдвар авсан хүүхдүүдийн амьсгалын замд насанд хүрэгчдийнхээс илүү тооны вирус байгааг тогтоожээ. Тиймээс хүүхдийг насанд хүрэгчдээс илүү халдвар тараадаг гэсэн дүгнэлт гаргажээ.
  • Ютагийн их сургуулийн судлаачид шүлс болон хамар залгиураас авсан дээжид шинжилгээ хийхэд вирус илрэлт адил түвшинд байсан байна. Ингээд шүлснээс дээж авч шинжлэх нь хялбар гэсэн дүгнэлтэд хүрчээ.
  • Италийн судлаачид халдвар авсан 1,162 хүнд судалгаа хийгээд вирус хүний биеэс ялгарч дуусахад нэг сар гаруйн хугацаа шаардаж байгааг тогтоожээ.
  • Канзасын их сургуулийн судалгаагаар COVID-19 вирусийн гадаргуу дээр амьд байх хугацаа хавар, намрын улиралд зунтай харьцуулахад 5-6 дахин урт байх магадлалтай гэж үзжээ.

Манай улсын хувьд өчигдөр 8 хүн шинээр тусгаарлалтад орж, 440 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, 3,405 хүн тусгаарлан ажиглалтад байна" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.