Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэлийн засгийн газар Оросын вакцины туршилтад оролцох сайн дурынхныг бүртгэж эхэлснээ зарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ ОХУ-ын бүтээсэн вакцины туршилтад сайн дурын үндсэн дээр оролцох хүмүүсийг бүртгэж эхэлснээ зарлажээ.

ОХУ нь наймдугаар сарын 11-ний өдөр дэлхийд анх удаа коронавирусийн эсрэг вакциныг албан ёсоор бүртгэсэн юм.

Өрнөдийн мэргэжилтнүүд “Sputnik V” нэртэй уг вакциныг зохих журмын дагуу бүрэн туршигдаагүй гэж үзэж байгаа. Харин Оросын тал бүртгэснийхээ дараа олон хүнийг хамруулсан туршилтаа эхлүүлсэн юм.

Венесуэлийн эрүүл мэндийн сайд Карлос Алварадо арваад хоногийн өмнө хэлэхдээ Оросын вакцины туршилтад 500 сайн дурынхныг оролцуулахад бэлэн байгаагаа мэдэгдэж байв. Харин Мадуро туршилтад оролцохыг хүмүүст уриалсан нь сайн дурынхан олдохгүйгээс болсон байж магадгүй байна.

“Sputnik V” вакцин бэлэн болсныг зарласны дараа Николас Мадуро ОХУ-ын засгийн газарт баяр хүргээд “Хамгийн түрүүнд вакцин хийлгэх хүн би байх болно. Би өөрийн биеэр үлгэр дууриал үзүүлнэ” гэж мэдэгдэж байжээ.

Харин сая хэлсэн үгэндээ тэр 500 сайн дурынхан дотор өөрөө багтаж байгаа эсэх талаар огт яриагүй байна.

Венесуэль улсад сүүлийн байдлаар 50,000 хүрэхгүй тооны халдварын тохиолдол бүртгэгдэж, 381 хүн нас баржээ. Энэ нь Латин Америкийн бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад маш бага тоо юм.

Гэхдээ Венесуэлийн засгийн газар гадаадаас эх орондоо буцаж ирсэн иргэдийг коронавирус тараасанд буруутгах болсон тул олон хүн оношлуулахаас зайлсхийж байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна.

 

Эх сурвалж: BBC