Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл эхэллээ /2020.08.28/

Г.Номин, iKon.mn
2020 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/3455122471235019/

Коронавируст халдвараар дэлхий дахинаа 24,173,000 хүн өвчилж, 834,000 хүн эндсэн бол 17 сая хүн эдгэрч эмнэлгээс гараад байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн хугацаанд 267,000 хүн шинээр халдвар авч, 6,000 гаруй хүн эндсэн бөгөөд өмнөх өдрөөс өссөн үзүүлэлттэй байна.

Олон оронд халдвар дахин голомтлон гарч байгаа нь сүм хийд, цэнгээний газрууд, олон нийтийн арга хэмжээнээс үүдэлтэй байгааг ДЭМБ-аас мэдээллээ.

Дэлхий нийтэд сэтгэцийн эмгэг өөрчлөлтүүд нэмэгдэх хандалгатай байгаа учраас ЭМ-ийн байгууллагууд энэ чиглэлд анхаарч, Засгийн газрууд энэ чиглэлд санхүүжилт хийхийг өчигдөр мөн ДЭМБ-аас зөвлөлөө.

Манай хөрш ОХУ-д өчигдөр 4,711 шинэ тохиолдол бүртгэгдэж 121 хүн эндсэн бол БНХАУ-д 30 тохиолдол шинээр бүртгэгсэний 9 нь гадаад улсуудаас зөөвөрлөгдсөн гэж үзжээ.

Япон улсад 865 халдварын тохиолдол бүртгэгдэж 11 хүн эндсэн. Тус улс тавдугаар сараас хэрэгжүүлж буй "Амьдралын шинэ хэв маяг" хөтөлбөрийг улам эрчимжүүлж эхэлсэн байна.

БНСУ-д 371 хүн шинээр халдвар авсны 12 нь гадаад улсуудаас зөөвөрлөгдсөн тохиолдол гэж үзжээ. Өнөөдрөөс тус улс парламентын үйл ажиллагааг зогсоож байгаа юм байна.

Дэлхийн улс орнуудад авч хэрэгжүүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгье.

  • Европын орнуудад дахин халдвар гарч байгаа тул амны хаалт хэрэглэх асуудлыг журамлаж эхэлсэн байна. Тухайлбал, Парис хотын оршин суугчид өнөөдрөөс гадуур явахдаа заавал амны хаалт зүүх ёстой болжээ. Хэрвээ амны хаалт зүүгээгүй бол торгох юм байна.
  • Испани улсад зургаан наснаас дээш бүх хүүхдүүд хичээлийн үеэр заавал амны хаалт зүүх ёстой гэсэн журам гаргажээ.
  • Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор АНУ-ын Хүнс, эмийн хяналтын албанаас спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчийн талаар сануулга гаргасан байна. Гар ариутгагчийг шоколад, жимсний үнэртэйгээр үйлдвэрлэх болсон тул хүүхдүүд андуурч хэрэглээд хордох, цаашлаад амь насаа алдах эрсдэлтэйг анхааруулжээ.

Манай улсын хувьд өчигдөр 269 хүн шинээр ажиглалтад орж, 254 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоогийн байдлаар нийт 3,722 хүн тусгаарлан ажиглах байранд байна. Цэргийн төв эмнэлэгт байгаа 55 хүн эмчлүүлж байгаа бөгөөд гурван хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байгаа" гэдгийг хэлэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.