Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

С.Батбаатар: Төрийн ордонд ажиллах сэтгүүлчдийн мөрдөх журмыг шинэчлэн боловсруулна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 8 сарын 26
iKon.MN

Цар тахлаас сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд Төрийн ордноос мэдээ, мэдээлэл бэлтгэн хүргэдэг хэвлэл мэдээллийн ажилтнууд Түр журам мөрдөж, заасан хэсэгт ажиллаж байна.

Тус цэгүүдээс өөр газарт нэвтэрч болохгүй байгаа нь мэдээлэл хүргэх боломжийг хязгаарлах, иргэдийн мэдэх эрхэд халдаж байна хэмээн үзсэн сэтгүүлчид өнөөдөр эсэргүүцлээ илэрхийлж, Засгийн газар болон УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсүүдэд түр журмаа эргэн харах шаардлагыг өглөө.

Шаардлагыг хүлээн авсныхаа дараа Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн С.Батбаатар нар байр сууриа илэрхийлэв.

Ц.Ганзориг: Засгийн газраас сэтгүүлчдэд хөл хорио тавьсан зүйл байхгүй

Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс(ХМОНХХ)-ээс 150 гаруй сэтгүүлч Төрийн ордонд нэвтрэх эрх өгсөн.

УИХ-ын ХМОНХХ-ээс 300 орчим эрх олгосон.

Гамшгийн тухай хуулиар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойших хугацаанд төрийн бүх шатны байгууллага, улс орон даяар хөл хөдөлгөөнийг саармагжуулах арга хэмжээнүүдийг авсан.

Засгийн газрын хуралдаан Лхагва гараг бүрийн 08:00 цагт эхэлж, хуралдаан дууссаны дараа нэгдсэн байдлаар мэдээллийг хүргэж байгаа. Тиймээс Засгийн газраас сэтгүүлчдэд хөл хорио тавьсан зүйл байхгүй. Та бүхний шаардлагыг УИХ-ын гишүүдээс ярилцлага, мэдээлэл авах боломжийг нээж өгөхийг хүсэж байна гэж ойлголоо. Иймд УИХ-ын ХМОНХХ-тэй уулзах, хамтарч ажиллах асуудал юм. Засгийн газрын ХХОНХХ дан ганцаараа энэ асуудлыг шийдэхгүй" гэлээ.

"Журмыг шинэчлэхдээ олон талын эрх ашгийг тусгаж, боловсруулна"

 

УИХ-ын ХХОНХХ-ийн дарга С.Батбаатар "Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг зарласнаас хойш Төрийн ордонд орж гарах хөдөлгөөн хориотой хэвээр байна. Бид хэвлэлийнхэнтэйгээ ярилцаж байж Түр журам боловсруулан, мөрдөж байгаа.

УИХ-ын үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэрийг олон нийтэд хүргэх нь бидний зорилго. Түүнээс мэдээ, мэдээлэл бэлтгэж, олон түмэнд хүргэх нь та бүхний зорилго. Бидний зорилго нэгэн цэг дээр огтлолцдог. 

Төрийн ордонд үйл ажиллагаа явуулах сэтгүүлчдийн мөрдөх журам гэж бий. 2014 онд баталсан журам одоог хүртэл мөрдөгдсөн хэвээр ч өнөөгийн шаардлагыг хангахгүй байгаа тул өөрчлөх шаардлагыг сэтгүүлчид тавьсан. Бид ч үүнтэй санал нэг байгаа. Журмыг шинэчлэхээр ажиллаж буй бөгөөд олон талын эрх ашгийг тусгаж, боловсруулна" гэлээ.

Харин өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд мөрдөж буй дэглэмийг Төрийн ордонд зөвхөн сэтгүүлчид баримталж, УИХ-ын гишүүд, албаны ажилтнууд мөрдөхгүй байгааг сэтгүүлчид шүүмжилж буй талаар түүнээс тодруулахад "Энэ нь хувь хүнтэй холбоотой асуудал. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг нь улс орон даяар мөрдөгдөж байна. Энэ нь УИХ-ын гишүүнд ч, сэтгүүлчдэд ч мөн хамаатай зүйл. Цар тахлын нөхцөл байдал намжихад өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдаж таарна. Иймд цаашид бид хэрхэн ажиллахдаа анхаарах хэрэгтэй" гэв.