Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Мах, хуурай сүүний квот хуваарилах эрхийг МҮХАҮТ-д шилжүүлэхээр болсныг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдэгджээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар бизнес эрхлэгчидтэй санал солилцох уулзалт өчигдөр МҮХАҮТ-ын Их танхимд боллоо. 

Бизнес эрхлэгчдийн зүгээс төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод шилэн болгоход цаашид анхаарч ажиллахыг хүсч байлаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртал, шат дамжлагыг багасгах чиглэлд олон заалт тусгагдсаныг энэ үеэр танилцуулав. 

Уулзалтын үеэр жилд экспортлох махны квот болон хуурай сүүний импортын хувь хэмжээг тогтоох эрхийг МҮХАҮТ-д шилжүүлнэ гэдгээ ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдэгдсэн юм. Ингэснээр төр хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааны хүрээнд махны экспорт, хуурай сүүний импортын эрх хуваарилах асуудал нээлттэй, ил тод, шударга байдлаар хийгдэх боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

МҮХАҮТ-аас энэхүү уулзалтын өмнө бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодоос шинээр хэрэгжүүлэх томоохон төсөл, хөрөнгө оруулалтын санал болон Монгол Улсын 2020-2024 онуудад хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт саналууд хүлээн авсан. 

 

Хөрөнгө оруулалтын төсөл, төслийн санаа ба хамтран ажиллах нийт 23 санал, худалдаа, хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, ногоон хөгжил болон санхүү төсвийн асуудалтай холбоотой 60 гаруй санал ирсэн юм. 

Эдгээрийг уулзалтын үеэр бизнес эрхлэгчдээс тавьсан санал хүсэлттэй нэгтгэж, Европын холбооны ЕвроТанхим, МҮХАҮТ хамтран явуулсан "Монголын ЖДҮ эрхлэгчдэд зориулсан эскпортын санхүүжилт" судалгааны үр дүн, зөвлөмжийн хамтаар  Монгол Улсын Шадар Сайд Я.Содбаатарт гардууллаа.

Уулзалтад Сангийн яам, ЗТХЯ, БХБЯ, ХХААХҮЯ зэрэг салбарын сайд нар болон холбогдох байнгын хорооны дарга нар оролцож нийт 140 гаруй бизнес эрхлэгч, мэргэжлийн холбоодын төлөөллүүдтэй санал солилцлоо. Цаашид ийм уулзалтыг хэт олон оролцогчтой, ерөнхий биш, салбар, мэргэжлийн холбоодоор төрөлжүүлж тогтмол хийхээр болжээ.

 

Эх сурвалж: МҮХАҮТ