Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдлын 66% нь ОХУ, 18% нь Афганистан, бусад улс орноос 1-13 тохиолдол зөөвөрлөгдөж ирсэн

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
ХӨСҮТ /Гэрэл зургийг mpa.mn/

Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст халдварын батлагдсан 300 тохиолдлын талаарх мэдээллийг танилцууллаа.

14-өөс дээш хоногт коронавирусийн халдвар илэрч байна

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны нэгдүгээр сарын 8-наас наймдугаар сарын 26-ныг хүртэл нийт 20,128 хүнд тандалт судалгаа, шинжилгээ хийсэн байна. Эдгээр хүмүүст давхардсан тоогоор 50,000 гаруй шинжилгээ хийж, тандалт судалгаа явуулжээ. 

Коронавирусийн халдварын батлагдсан 300 тохиолдлын 70 орчим хувь нь анхны, 28 хувь хоёр дахь давтан, 3.1 хувь нь 3,4 дэх давтан шинжилгээнээс илэрчээ.

Дэлхий дахинаа судалгаагаар батлагдсан тохиолдлын 5-6 хувьд нь 14-өөс дээш хоногт коронавируст халдвар илэрч байгаа. Манай улсын хувьд 3 хувь орчимд нь 14-өөс дээш хоногт коронавирусийн халдвар илэрч байна. Өөрөөр хэлбэл, нийт тохиолдол дотроо 3 хувьд нь 14-өөс дээш хоногт коронавирусийн халдвар илэрсэн гэсэн үг.

 

Нийт батлагдсан тохиолдлын 66% нь ОХУ, 18% нь Афганистанаас, бусад улс орноос 1-13 тохиолдол зөөвөрлөгдөж ирсэн. Энэ нь нийтдээ 16 орчим улсаас коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

Алтанбулагийн боомтоор 106, тусгай үүргийн онгоцоор ирсэн 179, ТИР-ийн жолооч 15 хүнд коронавирусийн халдвар илэрсэн.

Коронавирусийн халдварын илэрсэн шинж тэмдэг

Манай улсад нийт батлагдсан тохиолдлын 31% нь шинж тэмдэггүй, 45%-д нь хоолой өвдөх, 44%-д нь толгой өвдөх, 30%-д нь ханиах, 29%-д нь халуурах, 27%-д нь ядрах, жихүүдэс хүрэх, амтлах мэдрэхүй алдах, булчин өвдөх, хамар битүүрэх зэрэг шинж тэмдэгүүд 10-12%-д нь, ухаан балартах шинж тэмдэг 2%-д нь илэрчээ.

Нийт батлагдсан тохиолдлын 85 орчим хувь нь хөнгөн, 5 орчим хувь нь хүндэвтэр хэлбэрээр, 1-2 тохиолдол хүнд хэлбэрээр өвчилсөн.

Хүйс

Хүйсийн хувьд 210 буюу 70% нь эрэгтэй, 90 буюу 30% нь эмэгтэй.

Нас

Нас: 6-80 насны хүмүүс өвчилсөн. Дундаж нас 28. 15-аас доош насны 8 хүүхэд, 55-аас дээш насны 16 хүн байна.

Эмчилгээний хугацаа

Эмчилгээний ор хоног 14-64 байна. Дундаж ор хоног 30.

Орон нутаг болон нийслэлд нийт 6 лабораторид шинжилгээ хийж байна

Вирус судлалын лабораторид 50,631 шинжилгээг хийсэн.

ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Дорнод, Ховд, Дархан-Уул аймгийн нийт 6 лаборатори ажиллаж хоногт 300-1,000 гаруй шинжилгээг хийж байна.

Дархан-Уул аймгийн лабораторид гуравдугаар сарын 18-наас хойш өнөөдрийг хүртэл ачаа тээврийн 4,236 жолоочид шинжилгээ хийжээ.

Монголчуудын дунд коронавирусийн халдвар байхгүй

Сайн дурын хүсэлтээр гадагшаа явах 621 иргэнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Энэ нь сайн дурын хүсэлтээр явж байгаа боловч ард иргэдийн дундаас явж байгаа учир иргэдийн дунд коронавирусийн халдвар байхгүйг баталсан шинжилгээ юм.

Томуугийн болон агшингийн тандалтаар 100 гаруй хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Монгол Улсад коронавирусийн халдвар орж ирэх эрсдэл маш өндөр

Нэгдүгээр сарын 8-наас хойш наймдугаар сарын 24-нийг хүртэл 11 удаагийн эрсдлийн үнэлгээг хийсэн. Монгол Улсад коронавирусийн халдвар орж ирэх эрсдэл маш өндөр, өвчлөл эхэлмэгц тархах эрсдэл өндөр байна гэсэн үнэлгээ гарсан. Иймд иргэд тайвширч болохгүй, амны хаалтаа зүүх, гараа сайн угаах, хүүхдүүдэд тавих анхаарлаа сайжруулахыг зөвлөе" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.