Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Мягмар: 3-5 настнуудын 85.7 хувийг цэцэрлэгт хамруулахаар бэлтгэж байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2020-2021 оны хичээлийн шинэ жилийн үйл ажиллагаа эхлэхэд тав хоног үлдээд байна. ЕБС болон цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс өндөржүүлсэн бэлэн байдлын үед эхлүүлэхээр болсон. Энэ хүрээнд цэцэрлэгийн үйл ажиллагааг хэрхэн явуулах талаар БШУЯ-ны СӨБ-ын газрын дарга Ж.Мягмар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нийт багш ажилтнуудын 85 хувьд өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар заавар зөвлөмжийг хүргүүлээд байна. Орон нутагт бэлтгэлийг нэлээд сайн хангаад байгаа бөгөөд найман аймагт багш, ажилчдыг сургалтад хамруулж байгаа бол 13 аймагт сургалт дууссан.

Цэцэрлэгийн элсэлт, бүртгэл үргэлжилж байгаа. Улсын хэмжээнд 3-5 насны 232,435 хүүхэд байгаагаас 85.7 хувийг нь цэцэрлэгт хамруулахаар бэлтгэл ажлыг хийж байна.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1,449 цэцэрлэг ажиллах урьдчилсан дүн гарсан.

БШУЯ байгууллагын цэцэрлэгийг дэмжиж байгаа бөгөөд 10 байгууллага дэргэдээ цэцэрлэг ажиллуулж, 550 хүүхэд аав ээжийнхээ ажилд ойрхон цэцэрлэгт хамрагдах боломжоор хангагдсан. Энэ жилээс ХХААХҮЯ, ИНЕГ, АШУҮИС дэргэдээ цэцэрлэг байгуулж, тэдгээрт 275 хүүхэд хамрагдахаар байна.

Цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор яамнаас хувийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг бодлогоор дэмжиж явдаг. Энэ хичээлийн жилд найман хувийн цэцэрлэг шинээр байгуулагдаж, хүүхдүүдээ авах бэлтгэлээ хангаад явж байна.

Энэ хичээлийн жилд СӨБ-ын салбар мэргэжлийн багшаар дутагдахгүй гэсэн статистик дүн гарсан. Харин дуу хөгжмийн багш, цэцэрлэгийн эмч дутагдалтай байгаа.

Цэцэрлэгийн багш нар хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагддаг бөгөөд одоогийн байдлаар нийт багш нарын 78 хувь үзлэг оношилгоондоо хамрагдаад байгаа.

Улирлын томуугийн дэгдэлт эхэлж байгаа учраас хүүхдийнхээ дархлааг дэмжихэд анхаарах хэрэгтэй. БШУ-ны сайдын тушаалаар ханиад хүрсэн, халуунтай хүүхдийг ангид хүлээж авахгүй байхаар болсон. Хүүхдээ эмчлээд ирсний дараа ангид нь хүлээж авах чиглэл өгсөн учраас эцэг эхчүүддээ хандаж, хүүхдээ өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд анхаараарай гэж зөвлөмөөр байна.

Цэцэрлэгүүд цэвэрлэгээ, ариутгалын ажлаа үндсэндээ хийгээд дууссан. Мөн мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэх төлөвлөгөөг гаргаад байна" гэдгийг мэдээллээ.