Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын экс зөвлөх Мексикийн хил дээр хана босгох зорилгоор цуглуулсан мөнгийг завшсан хэргээр баривчлагджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөх, Цагаан ордны ерөнхий стратегич асан Стив Бэннон луйврын хэргээр өчигдөр баривчлагджээ.

Түүнийг АНУ-Мексикийн хил дээр хана хэрэм босгох зорилгоор иргэдээс цуглуулсан хандивын мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж, өөр гурван хүний хамт баривчилсан байна.

“We Build the Wall” нэртэй хандивын аян зохион байгуулж, нийтдээ $25 саяыг цуглуулсан ч үндсэн зорилгоор нь ашиглаагүйг АНУ-ын прокурорууд шалгаж тогтоожээ. Хандивын мөнгөнөөс $1 сая гаруйг нь Бэннон өөртөө зарцуулсан гэнэ.

Бэннон 2016 онд Дональд Трампыг сонгуульд ялахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн гэдэг. Түүний цагаачлалын эсрэг, барууны үзэл суртал Трампын “America First” мөрийн хөтөлбөрийн үндэс суурь болсон ажээ.

Бэнноныг өчигдөр Коннектикут мужийн эрэгт зогсож байсан 45 метр урт “Lady May” тансаг хөлгөөс баривчилсан байна. Уг хөлгийг Хятадын тэрбумтан Гуо Вэнгуй эзэмшдэг тухай Америкийн хэвлэлүүд мэдээлжээ.

Дональд Трампын зөвлөхүүдээс зургаа дахь хүн гэмт хэрэгт холбогдсон нь энэ юм. Ерөнхийлөгч Трамп өчигдөр Бэнноныг баривчилсан тухай мэдээг харамсан хүлээж авснаа илэрхийлээд “We Build the Wall” төсөлд өөрийгөө оролцоогүйг мэдэгджээ.

Хэрвээ Бэнноныг шүүх буруутай гэж дүгнэвэл 20 хүртэл жилийн хорих ял сонсох гэнэ.

Өчигдөр тэр баривчлагдсаныхаа дараа $5 саяын барьцаагаар суллагджээ. Шүүх хурал болох хүртэл түүнийг хилээр гарахыг хориглосон байна.

Одоо 66 настай Бэннон сонгуульд Трампыг ялсны дараа Цагаан ордны ерөнхий стратегичаар ажиллаж байгаад 2017 онд огцорсон юм. Түүнийг хэт барууны үзэлтэй хөдөлгөөнүүдийг дэмждэг, Европын ийм үзэл баримтлалтай намуудтай харилцаатай хүн гэдэг.

Өнгөрсөн онд тэр BBC сувагт ярилцлага өгөхдөө Brexit-ийг Британи дахь үймээн самууны дөнгөж эхлэл, Америк-Мексикийн хилийн ханыг африк болон испани гаралтай хүмүүст ашигтай гэж ярьж байжээ.

 

Эх сурвалж: BBC