Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

IT -ийн мэдлэг нь гагцхүү манай салбарынхны төдийгүй гар утас, интернэт, компьютер ашиглаж байгаа хүн бүхний мэдвэл зохих мэдлэг

ikon.mn
2020 оны 8 сарын 21
Сурталчилгаа

Ярилцлагын булангийн энэ удаагийн зочноор Мобиком Корпорацийн Мэдээллийн Технологийн Газрын захирал Б.Мөнхзоригийг урилаа. Тэрээр өсвөр үеийн технологийн “мангас”-уудын ширүүхэн өрсөлдөөн болох HACKATEEN 2020 улсын хэмжээний програмчлалын олимпиадын дасгалжуулагчаар ажиллаж буй бөгөөд Мобиком Корпораци уг олимпиадын ерөнхий ивээн тэтгэгчээр мөн ажиллаж байгаа билээ.

Б.Мөнхзориг нь Турк улсын Эгэ их сургуулийг Мэдээллийн технологийн инженер, СЭЗИС-ийг Бизнесийн удирдлагаар тус тус суралцаж төгссөн бөгөөд Мобиком Корпорацид 10 гаруй жил ажиллаж, өдгөө Мобикомын Мэдээллийн Технологийн Газрыг удирдан чиглүүлэх үүргийг гүйцэтгэж байна. Ингээд түүнтэй HACKATEEN 2020 улсын хэмжээний програмчлалын олимпиад, үүнд оролцогч хүүхдүүд болон ивээн тэтгэгчдийн оролцооны талаар хэсэгхэн хором ярилцсанаа хүргэе.

 

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хоёулаа ярилцлагадаа шуудхан оръё. Цаг зав багатай, хурал уулзалтууд ихтэй байгааг нь анзаарлаа. Тэгэхээр Мобиком Корпораци HACKATEEN 2020 улсын хэмжээний олимпиадын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Чухам яагаад энэхүү олимпиадыг ивээн тэтгэхээр болсон бэ?

Хоёр жилийн өмнө “...Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт, технологийн чиглэлээр гарааны бизнес эрхэлж байгаа хүмүүст тусалъя дэмжье хамтран ажиллая...” гэсэн санааг Ерөнхий захирал гаргасан. Яагаад гэхээр том компани бол эрхэлж буй бизнесийн онцлогоос хамаараад аливааг алсаас, холуур харж байдаг. Захирал өөрөө үүнийг том модтой зүйрлэж ярьдаг юм. Бид модны орой дээр суучхаад модны доогуурх мөчрөө харахгүй байна, тэнд юу болж байгааг төдийлөн мэдэхгүй байна гэж үзсэн юм. Тиймээс бид хөрсөн дээрээ бууж, өдөр тутам тулгамддаг жижиг асуудлуудыг олж харах, хаана хэнд ямар асуудал, бас боломж байгааг олж мэдэх хэрэгтэй гэсэн юм. Тиймээс л бид хоёр жилийн өмнөөс буюу 2018 оноос эхлээд Монголд гарааны бизнес эрхэлж байгаа хувь хүмүүс, жижиг дунд компаниудтай хамтарч ажиллаж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд хэд хэдэн төслүүдийг хэрэгжүүлсэн. Үүний нэг нь Moffice. Бид эхний ээлжид жижиг дунд, бичил гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан хамтын оффисын төвөө нээгээд, экосистемийг нь бүрдүүлээд, нэг дор байлгая, харилцан бие биеэсээ суралцъя, туслах зүйлсээрээ тусалж, мөн эргээд тэд нарын хурдан шаламгай ажилладаг арга барилаас нь суралцъя гэж зорьсон. Өөр нэг төсөл нь Нэст ахлах сургууль, Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн, 1000 инженер төсөл гээд ЕБС, их дээд сургуульд IT-ийн чиглэлээр суралцаж байгаа сурагч оюутнууд, сургуулийн удирдлагатай хамтарч ажиллая гэж зорьсон. Тухайлбал, Инженер технологийн дээд боловсрол буюу 1000 инженер төслийн төгсөгчдөөс гурван ч залуу манайд ороод ажиллаж байна. Яг сурч байгаа хүүхдүүдийг нь дэмжиж туслах ямар боломж байна, тэр бүгдийг харъя гэж зорьсон юм. Тэдгээрийн нэг нь НЭСТ ахлах сургуультай хийж байгаа хамтын ажиллагаа. Бид НЭСТ ахлах сургууль дээр очиж сурагч хүүхдүүдтэй уулзаж, сургуулийн орчинтой танилцаж, сонирхсон сэдвээр нь ярилцлага өрнүүлсэн. НЭСТ ахлах сургууль маань энэ жил улсын хэмжээнд IT-гийн буюу мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулж байгаа. Эхний гурван шатыг нь өөрсдөө зохион байгуулсан юм билээ. Эхний шатнаас эхлээд 21 аймаг 9 дүүргээс нийтдээ 750 хүүхэд оролцоод гурван шатнаас шигшигдсэн шилдэг 90 сурагч финалын шатанд оролцохоор болсон. Финалын шатны шалгаруулалт нь энэ сарын 23 буюу энэ Ням гарагт болно.

НЭСТ-ийнхэн маань эхний гурван шатаа зохион байгуулж, шилдэг 90-ээ шалгаруулчхаад дараа нь ивээн тэтгэгч болох байгууллагууддаа хандсан. Яагаад хандсан гэхээр, бид бүхэн улсын хэмжээний олимпиад зохион байгууллаа. Хамгийн бага нь 13 настай, хамгийн том нь 18 настай хүүхдүүд байна. Энэ хүүхдүүд IT-д үнэхээр сонирхолтой, дуртай. Гэхдээ үүнийг эцэг эхчүүдэд нь ойлгуулах, нийгэмд, Монголын ард түмэнд ойлгуулах хэрэгтэй байна. IT-ийн салбар, дижитал трансформейшн, аж үйлдвэрийн 4-р хувьсал, IT гэж яриад л байдаг. Гэвч тэрийг яг л нөгөө мэддэг сонирхдог хүмүүс нь л мэдээд, бусад нь ерөөсөө мэдэхгүй, сонирхохгүй байна. Гэтэл IT гэдэг маань амьдралаас хол тасархай зүйл биш шүү дээ. Бидний өдөр тутамд хэрэглэж байгаа гар утас, компьютер, бүх юм л IT болчхоод байна шүү дээ. Үүнийг таньж мэдүүлэхэд бид нарт туслалцаа хэрэгтэй байна аа гэж хандсан юм. Ингээд зургаан байгууллага ивээн тэтгэгчээр оролцохоор болсны нэг нь Мобиком.

 

Финалын шатанд шалгарсан 90 хүүхдээ ивээн тэтгэгч байгууллагууд маань хувааж аваад дасгалжуулсан юм билээ.

Анх 750 хүүхэд байснаас шигшигдсээр 90 хүүхэд шалгарсан. Эдгээр 90 оролцогчоо ивээн тэтгэгч 6 байгууллага маань 15, 15-аар хувааж авсан юм. Эхний шатуудад хүүхдүүд маань ганц ганцаараа оролцож байсан бол финалын шатанд тэд маань 3, 3-аараа баг болж тэмцээндээ оролцож байгаа. Тэгэхээр бид 5 багтай ажиллаж байна.

Нэвтрүүлгээс харахад ивээн тэтгэгчид маань хүүхдүүдээ өөрсдөө харж сонгож байсан. Таны хувьд яг ямар шалгуураар хүүхдүүдээ сонгосон бэ?

Зургаан ивээн тэтгэгч байгууллага маань төлөөлөл болсон нэг нэг “дасгалжуулагч”-тай. Бид нар хүүхдүүдээ сонгохдоо нэг зарчим баримталж сонгосон. Нэн тэргүүнд, бид нэг сургууль, нэг аймгийн хүүхдүүдийг нэг дор оруулалгүй өөр өөр сургууль, аймаг, орон нутгаар нь хольж багийн ажиллагааг нь сайжруулах зарчим баримталсан. Хоёрдугаарт, IT-гийн доторх өөр өөр чиглэл мэргэжил болох аюулгүй байдал, embedded coding, application programming гэх зэрэг олон янзын чиглэлээс нь сонгож, хольж бүрдүүлэхийг зорьсон. Ингэхийн тулд хүүхдүүдийнхээ түүхтэй танилцаад ур чадвар, мэдлэгээр нь төрөлжүүлж сонгосон.

Хүүхдүүдээ сонгосны дараа дасгалжуулагчид маань хүүхдүүдтэй сургалт, зөвлөгөө өгөх уулзалтуудыг хийсэн харагдсан. Танай багийн хувьд хэдэн удаа мөн ямар сэдвээр сургалт, уулзалт хийсэн бэ?

Бид нар наадмын дараагаас уулзалтуудаа эхэлсэн. Тэгэхээр ерөнхийдөө сар гаруй хугацаанд долоо хоног бүр тогтмол гурван удаа уулзаж, нэг уулзахдаа хоёроос дөрвөн цагийн уулзалт хийсэн. Энэ уулзалтуудын зарим дээр нь гаднаас салбарын мэргэжилтнүүдийг урьж авчирч уулзахаас гадна миний бие өөрөө болон Мобикомынхоо программ хангамжийн хэлтсээс мэдлэг туршлагатай инженерүүд програмистүүд, төслийн удирдлагын албаны менежер зэрэг тал бүрийн мэдлэг мэдээлэл өгөх хүмүүстэй уулзуулсан. Яагаад гэхээр зөвхөн IT-гийн олимпиадад бэлдэхийг зориогүй. Нэгэнтээ л ийм боломж нь гарч ирээд, бүтэн сарын хугацаанд хамт байгаа учраас хүүхдүүд маань ирээдүйд арван жил, цаашлаад их сургуулиа төгсөнө, ажилд орно, манай IT-гийн салбарт ажиллана. Тэр утгаараа гагцхүү IT-гийн чиглэлийн хичээл зааж, мэдлэг олгохоос гадна түүний хажуугаар төсөл гэж юу вэ, төслийн удирдлага, багийн ажиллагаа, бодит амьдрал дээр компани яаж ажилладаг вэ гээд тал бүрийн мэдээлэл өгөхийг хүссэн.

Мөн компани дээрээ оффис тур хийж, манай IT-гийн газар ийм бүтэцтэй, ингэж ажилладаг гэдгийг танилцуулсан. Мөн Moffice хамтын оффисын төвтэй танилцаж, тэндээ бид долоо хоног 3 удаа уулзах уулзалтуудаа хийж байсан.

HACKATEEN 2020 олимпиад маань улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа. Тэгэхээр таны ажигласнаар хот болон орон нутгийн хүүхдүүдийн хооронд IT-гийн мэдлэгийн ялгаа хэр байна гэж ажиглагдсан бэ?

Ялгаатай тал нэг их ажиглагдаагүй. Одоо ажиллаж байгаа хүүхдүүд маань 750 хүүхдээс шалгарсан шилдгийн шилдэг 90 хүүхэд шүү дээ. Хүүхдүүд маань бүгд их идэвхтэй, мэдье, суръя гэснээ өөрсдөө хайгаад олоод мэдчихдэг. Тухайлбал, манай багт Дархан-Уул аймгийн хоёр хүүхэд байгаа. Хотын сургуулийн хүүхдүүд ч гэсэн өөр өөр сургуулийнх ч гэлээ хооронд нь эрс өөр ялгаатай тал ажиглагдаагүй. Бүгд л сайн хүүхдүүд байсан.

Тэмцээнд оролцсон хүүхдүүдийн хамгийн бага нь 13 настай гэж байсан. Та бас өөрөө инженер мэргэжилтэй хүн. Таны хувьд анх хэдэн настайдаа код бичиж байсан бэ?

Намайг арван жилд байхад сургууль, гэр алинд нь ч компьютер байгаагүй. 90-ээд онд компьютер дөнгөж л орж ирсэн, тийм ч элбэг байгаагүй. Анх 7, 8-р ангид байхдаа алгоритмыг цаасан дээр бичиж бодлого боддог байсан. Бас л 13, 14 наснаасаа гэсэн үг. Ялгаа нь гэвэл гараар, цаасан дээр бичдэг байсан. Компьютер дээр бичсэн анхны код гэвэл 16 настайдаа их сургуульд ороод 1-р курстээ бичиж байсан юм байна.

Та инженерийн боловсролыг гадаадад эзэмшсэн шүү дээ. Тухайн үед энэ төрлийн олимпиадад оролцож байсан уу?

Би оюутан байхдаа олимпиад тэмцээнд орж байгаагүй. Арван жилд байхад мэдээлэл зүйн олимпиад гэж болдог байсан. Тэрэнд нэг удаа л орж байсан. Тухайн үедээ нэг их сүртэй амжилт бол үзүүлээгүй ээ. (инээв) Харин Математик, физикийн олимпиадад бол тогтмол ордог байсан.

Та ердийн үед бол насанд хүрсэн, биеэ даасан “том” хүмүүстэй тулж ажилладаг шүү дээ. Сүүлийн нэг сарын хугацаанд өсвөр насны 15 хүүхэдтэй ажиллалаа. Таны хувьд хүндрэлтэй, бэрхшээлтэй зүйл байсан уу?

Яахав ажлын орчинд бол ажлын чиг үүрэг, хариуцлага гэж байдаг учраас хамтарч ажиллахад илүү амар, бүгд тус тусын үүргийг ойлгочихсон байдаг. Энэ удаагийн тэмцээн маань сайн дурын талдаа, би ч албан ёсны багш нь биш учраас хүүхдүүдээ заавал ир гэлгүй, өөрсдийн хүсэл сонирхлоороо ирэх нь ирээд, амжихгүй боломжгүй нь ирэхгүй, чөлөөт байдалтай явж ирсэн. Энэ талаас нь харвал хүүхдүүд маань насанд хүрээгүй гэдэг утгаараа хариуцлагатай тал нь арай дутмаг байгаа. Гэхдээ энэ тал дээр нь бас зааж зөвлөсөн. Одоо бол энэ хэд маань сурагчид, цаашлаад оюутан болно, их сургуулиа төгсөнө, ажил хийнэ. Тэр үед анхаарах зүйлсийн талаар бас ярилцсан. Урьд нь ер нь арав гаран насны нэг дор арван хэдэн хүүхэдтэй ажиллаж үзээгүй учраас миний хувьд ч бас жижигхэн сорилт байсан. (инээв) Надад ч тэд нараасаа сурах зүйлс багагүй байсан. Одоо чинь Gen Z шинэ үе гараад ирчихсэн. Сэтгэлгээ нь маш өөр, юмыг харах өнцөг нь ч өөр. Зөвхөн лекц уншаад заагаад байлгүй, бусад өөр олон чөлөөт сэдвээр ярилцсан. Манай бүтээгдэхүүн үйлчилгээ, залуучуудад зориулсан Be,., үйлчилгээ маань хэр нийцтэй байна, гар утсыг ямар зорилгоор ашиглаж байна, юунд ашиглаж байна зэргээр харилцан ярилцахад бидний хараагүй өнцөг тэдэнд маш их байдгийг анзаарсан. Тиймээс ер нь харилцан суралцсан нэг сарын хугацаа байлаа даа. (инээв)

Сонирхуулахад, Европын холбооны санхүүжилтээр Mongolia Youth Council гэдэг байгууллагаас сурагч оюутан хүүхдүүдэд ментор хийх 3 сарын хөтөлбөрт орох урилга авсан. Магадгүй HACKATEEN-д дасгалжуулагчаар ажиллаж байгаа маань нөлөөлсөн болов уу. Миний хувьд урилгыг хүлээн авч зөвшөөрсөн. Тэгэхээр HACKATEEN-ы дараа ч хүүхдүүдтэй үргэлжлүүлэн ажиллахаар болсон.

Нэг сарын хугацаанд 15 удаагийн уулзалт хийсэн гэсэн. Эдгээр уулзалтын үеэр хүүхдүүдийн асуусан хамгийн сонин содон, таны санаанаас гараагүй асуулттай тулгарсан болов уу? Өсвөр үеийнхэн маань их нээлттэй бас сониуч шүү дээ.

Ихэнхдээ мэргэжлийн асуултууд, бодлого хэрхэн бодох зэргийг асууж байсан. Нэг ажиглагдсан юм гэвэл ажил хийх, ажлын орчинд юу хийдэг яадаг нь хүүхдүүдэд нэг их сонин биш шиг санагдсан. Угаасаа ч ажил хийх нас нь болоогүй л дээ. Нэг хүүхэд их сургуульд сурахгүй гэж боддог тухайгаа ярьсан нь содон санагдсан юм байна. Тэр хүүхэд маань хэлэхдээ одоо би жижиг стартап компанийн программ хөгжүүлэлтэд оролцоод, тэрнээсээ цалин мөнгө аваад явж байгаа. Цаашид ч энэ чиглэлээрээ явна гэж байсан. Энэ тал дээр зөв, буруу гэхэд хэцүү шүү дээ. Гэхдээ их сургуульд сурвал мэргэжил эзэмшихээс гадна, цаг барих, багаар ажиллах, сонсож сурах, бие даан суралцах гээд суурь боловсрол, хүмүүжил, төлөвшлийг давхар олж авдаг. Тэр талаас нь бас ярилцсан.

Зургаан байгууллага ивээн тэтгэж, тус тусын төлөөлөл, дасгалжуулагчдаа илгээжээ. Тэгвэл танаар дасгалжуулснаар, эсвэл Мобикомын багт орсноор тэдгээр оролцогч хүүхдүүдэд бусад 5 байгууллагаас ямар давуу талтай гэж та хэлэх вэ?

Ивээн тэтгэгчид маань банк, банк бус, стартап, програм хангамжийн гээд өөр өөрийн гэсэн давуу тал онцлогтой л доо. Бидний хувьд хүүхдүүддээ өгөх гэж оролдсон зүйл гэвэл тал бүрийн мэдлэг мэдээллийг өгөх гэж оролдсон. Хүүхдүүд маань угаасаа IT-гийн мундгууд, шилдгүүд, тэр хүүхдүүдэд тоо яаж бодохыг заагаад байх утгагүй. Мэдээж 15 уулзалтынхаа заримд нь бодлого бодох талаар заасан. Манайд чадварлаг туршлагатай, тухайн үеийнхээ олимпиадын аваргууд нэлээдгүй бий. Тэд нар маань тэр үед бодлого хэрхэн боддог байсан, одоо үед ямар болсон зэрэг ялгаатай зүйлсийг тайлбарлаж, бодлого боддог алгоритмын аргачлалынхаа талаар ярилцсан.

Үүн дээр нэмээд манай компанийн 25 жилийн түүх, энэ хугацаанд тогтсон соёл, төсөл, төслийн удирдлага, багийн ажиллагаа, мөн дээр нь хамтарч ажилладаг гаднын байгууллага, хүмүүстэй уулзуулсан нь бас нэг давуу тал болов уу. Тухайлбал, Хуур.mn-н үүсгэн байгуулагч С.Дөлмандах, IoT, embedded systems guru Д.Бат-Өлзий ах нарыг урьж авчирсан. Хэрэв тэдгээр хүүхдүүд ганц нэгээрээ энэ хүмүүстэй уулзъя ярилцъя, сургалт авъя гэвэл цаг зав боломж нь хомс шүү дээ. Тэгэхээр байгууллагынхаа хамтын ажиллагааны үндсэн тэр хүмүүсийг урьж авчраад, хүүхдүүдтэйгээ уулзуулсан маань бас нэгэн том давуу тал гэж бодож байна.

Өөр нэгэн давуу тал гэвэл Moffice дээр байрлаж байгаа стартап компаниудтай уулзуулсан. Тэднийг жинхэнэ хөрсөн дээр буух жишээ гэж хэлж болно. Анх яаж эхэлсэн, одоо ямар байгаа, ямар бэрхшээл тулгарсан зэргээ чөлөөтэй ярилцсан. Ингээд сарын хугацаанд манай хүүхдүүд зөвхөн уулзалтын үеэр хязгаарлагдахгүйгээр хүссэн үедээ ганцаараа эсвэл багаараа ирээд Moffice дээр байрлаж, бэлтгэлээ хийх боломжоор хангасан. Тэгэхээр энэ мэт давуу талуудыг дурдаж болох юм.  

Ирээдүйн инженерүүдтэй хамт нэг сарын хугацаанд ажиллалаа шүү дээ. Монголын инженерүүдийн ирээдүй ямар харагдаж байна вэ?

Ирээдүйгээ маш гоё гэгээлэг, өөдрөгөөр харж байгаа. IT-гийн салбарт англи хэлний мэдлэг бол зайлшгүй байх ёстой. Манай хүүхдүүд бүгд их сайн англи хэлээр ярьж ойлголцож, хүссэн бүх зүйлээ интернэтээс хайгаад олчхож байна. Бидний үед орос школтой, багш нар маань ч төдийлөн англи хэл сураагүй байсан үе. Тиймээс эхлээд өөрсдөө сургалтад сууж сураад дараа нь бид нарт зааж өгч байсан зэрэгтэй харьцуулбал одоо үе бол маш мундаг, тэдэнд маш их боломж байна.

Дээр нь нэмж хэлэхэд, би ярианы эхэнд хэлсэн шүү дээ. IT гэдэг нь эмч гэдэг шиг тусдаа, өөр хэн ч чадахгүй тусдаа зүйл огтоос биш. Өнөөдөр гар утас, компьютер ашиглаж байгаа хэн бүхэнд IT-гийн мэдлэг зайлшгүй хэрэгтэй. Санхүү, маркетинг ямар ч мэргэжлээр ажиллаж байсан тэр хүмүүст ч бас IT-гийн мэдлэг хэрэгтэй. Тэгэхээр Ерөнхий боловсролын сургуульд суурь мэдлэг олгохдоо IT-гийн мэдлэгийг ч тодорхой нэг түвшин ахиулж олгох хэрэгтэй гэж бодож байна. Хэд хэдэн сургуульд ордог болсон байна лээ. Тэр үнэхээр авууштай. Өшөө цаашаа бүх сургуульд оруулж, энгийн амархан програмчлалын хэлнүүдийг заадаг бол зүгээр юм болов уу гэж бодсон.

Мобиком Корпорацийн хувьд стартапуудыг маш их дэмждэг. Тухайлбал Seedstars World гээд олон улсын тэмцээнийг ивээн тэтгэсэн, та мөн шүүгчээр нь ажилласан шүү дээ. Мөн түрүүн хэлсэнчлэн стартапуудыг өлгийдөн авах Moffice хамтын оффисын төвөө нээлээ. Эдгээр ажлууд болон тэтгэлгүүд нь нэг талаас том компанийн нийгмийн хариуцлага, харин өөр нэг талаасаа ямар ач холбогдолтой гэж боддог вэ?

Компанийн өнцгөөс харвал Мобиком бол Монголын хамгийн том компаниудын нэг. Бизнесийн салбарын 25 жилийн түүхтэй энэ компанид нийгмийн өмнө хүлээх хариуцлага бий. Тиймээс бид компанийн нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдээ орхигдуулж, тасалдуулалгүй маш өндөр ач холбогдолтойгоор авч үзэж, хийж хэрэгжүүлдэг. Энэхүү нийгмийн хариуцлагыг сүүлийн үед Corporate shared value буюу Дундын үнэ цэнийг бий болгох гэж ярьдаг болсон. Тэгэхээр том компани жижиг компанийг дэмжиж байгаа гэдэг нь гагцхүү тэд нарт туслаад зогсохгүй, эргээд энэ нь манай байгууллагад, цаашлаад манай салбарт, нийгэмд ч ашиг тустай юм. Яагаад гэвэл, дэмжсэн жижиг компаниуд маань өсөөд томроод ирэхийн цагт Монголын нийгэмд хэрэгтэй нэг гоё үйлчилгээ, нэг хэрэгтэй бүтээгдэхүүн гарна шүү дээ. Бид заавал гаднын бүтээгдэхүүн үйлчилгээг импортлох шаардлагагүй гэсэн үг. Мөн хүн болгон мэддэг, тулгамдсан асуудлыг IT-гийн ямар нэг шийдлээр шийдэх боломж байсаар байтал мөнгө санхүүгүйгээс болоод, эсвэл зөвлөж туслах хүн байхгүйгээс болоод хийж чадахгүй байгаа хувь хүн ч юм уу, жижиг компаниуд байгаа. Тиймээс тэд нарт туслаад, тэд нар маань нөгөө гоё санаагаа хэрэгжүүлснээрээ нийгэмд байсан жижигхэн ч гэсэн асуудлыг шийдэх, том зургаар нь харвал нийгэмдээ, улс эх орондоо үнэ цэн бүтээх гэж Мобиком энэ ажлуудыг хийж байгаа юм.

Нөгөө талаасаа манай компани 25 жил болчихсон, бидэнд Corporate culture буюу өөрийн гэсэн тогтсон бизнесийн соёл, арга барил бий. Технологийн салбар бол маш хурдан, тасралтгүй хөгжиж байдаг. Одоо бидний яриад байгаа дижитал хувьсал, аж үйлдвэрийн 4-р хувьсгалын үр дүнд технологийн хөгжил сүүлийн 10, 20 жил хөгжиж ирснээсээ улам илүү хурдан хөгжинө гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Тэгэхээр бид өөрсдийнхөө тогтсон хатуу дэг журам, арга барил, тогтсон соёлтойгоо байгаад байвал технологийн хөгжлөө гүйцэж чадахгүй, хоцрогдоод эхэлнэ. Хоцроод эхэлбэл манай компани эрсдэлд орно шүү дээ. Тийм ч учраас бид дижитал хувьсал хийж байна гэж яриад, ажилтнууддаа төдийгүй гадагшаа бусдад ойлгуулахыг эрмэлзэж, яриад тайлбарлаад бичээд байгаагийн гол шалтгаан нь энэ бүгдийн ач холбогдлыг ойлгуулахад оршиж байгаа юм. Sense of urgency буюу маш чухал, маш яаралтай, зайлшгүй хийх ёстой зүйл мөн гэдгийг нь ойлгуулах гэсэн чин зорилготой.

Бид стартапуудтай хамтран ажиллаад, тэдний арга барилаас суралцаад, гаргасан санаагаа яаж ингэж хурдан туршаад, алдаа гаргасан ч тэр алдаагаа яаж дор нь хурдтай засаж сайжруулаад яваад байна вэ энэ бүгдийг нь суралцаж, өөрсдөдөө хэрэгтэйг нь авч хэрэгжүүлж байгаа юм.

Үүнээс улбаалаад компани доторх интрапренер хүмүүсийг нээж, чөлөөтэй гаргаж ирэх, хүссэн зорьсноор нь ажиллуулах зэргийг санаачлаад хэрэгжүүлээд эхэлсэн. Том компанийн урт удаан процесс, ажлын ачаалалдаа дарагдаад л гарч ирэхгүй байгаагаас биш бидний дунд интрапренер хүмүүс олон бий. Гагцхүү тиймээс л шинэ санаа, өвөрмөц сэтгэмжтэй, бүтээлч, хурдтай ажиллах сонирхолтой дотоод нөөцөө ухах, илрүүлэх ажлууд манай дээр нэлээдгүй хийгдсэн юм. Энэ маань ч үр дүнгээ өгөөд эхэлсэн. Жишээ нь, манайх компани дотроо agile буюу хурдтай баг гаргаад, тэд маань манай цахим мөнгөний Candy Pay апликейшны хөгжүүлэлтийг хийж байна. Тэр баг маань уламжлалт дэс дарааслан waterfall аргаар биш бүтээгдэхүүний эзэмшигч нь, хөгжүүлэлтийн багийнхан нь, тест хийдэг хүмүүс нь, UI, UX дизайнерууд нь нийлээд нэг баг болоод хавтгай удирдлагатайгаар нэгэн зэрэг ороод л agile-аар ажилладаг. Эндээс маш сайн үр дүн гарч байгаа. Эндээс харахад бид аль хэдийн давуу талаа аваад эхэлчихсэн гэсэн үг.

Нөгөө талаасаа ч стартап компаниуд биднээс олж авч болох давуу талаа авч байгаа гэж бодож байна. Жишээ нь, дөнгөж байгуулагдаж байгаа компанид хууль, санхүү, хүний нөөцийн зөвлөгөө ч гэдэг юм уу IT-аас бусад тал бүрийн асуудлууд тулгарна шүү дээ. Энэ бүгдэд Мобикомын зүгээс зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт орох зэргээр хамтран ажиллаж байгаа.

Том компанийн том процессыг зоригтойгоор “өөрчилнө” гэдэг бас л нүсэр ажил шиг сонгогдож байна шүү. Эцэст нь хоёулаа HACKATEEN руугаа эргээд оръё. 8-р сарын 23 буюу ням гарагт финалын шат нь болох гэж байна. Та өөрийнхөө дасгалжуулсан 5 багийн хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдэд хандаж үг хэлээч?

Хүүхдүүд маань бүгд маш их идэвхтэй, аливааг маш хурдан сурдаг, хурдан сэтгэдэг ер нь их мундаг байгаа. Өөрийнхөө дасгалжуулсан гэлтгүй нийт шалгарсан 90 шилдэг сурагчдаа бүгдэд нь амжилт хүсье. Та бүхэн маань энэ олимпиадаар өрсөлдөж байгаа хэдий ч эргээд нэг нэгнээсээ сурах зүйл асар их, дараа нь магадгүй нэг их сургуульд сурах, нэг ажил дээр хамтран ажиллах гээд уулзах учрах тохиолууд олон бий. Тиймээс зөвхөн өрсөлдөөн биш хамтран ажиллах, харилцан суралцах, хамтдаа хөгжих нь маш чухал шүү гэдгийг дахин сануулъя. Бүгдээрээ тэмцээндээ амжилттай оролцоорой. Эцэг эхчүүд маань ч гэсэн хүүхдийнхээ энэ сониуч, хичээмтгий занг үнэлж ойлгож, дэмжээсэй гэж хүсэж байна. Та бүгдэд бүгдэд нь амжилт хүсье.

Цаг гарган ярилцсанд баярлалаа. Мөн Mongolia Youth Council хөтөлбөрөөр хүүхдүүдтэй дахин ажиллах болсонд тань баяр хүргэе, таны ажилд амжилт хүсье. 

Баярлалаа.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.