Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун охин дүүдээ зарим эрх мэдлээ шилжүүлсэн тухай Өмнөд Солонгосын тагнуулын алба мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун охин дүү Ким Ёо Жоны хамт

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн эрх мэдлийн зарим хэсгийг дүү Ким Ёо Жонд шилжүүлсэн тухай Өмнөд Солонгосын тагнуулын алба мэдээлжээ.

Өчигдөр Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын алба өөрийн улсын парламентад энэ талаар мэдээлэл хийсэн юм байна.

Ким Жон Уны хязгааргүй эрх мэдэл хэвээр байгаа ч стрессийн түвшнээ бууруулахын тулд зарим эрх үүргээ дүүдээ шилжүүлсэн тухай энэ үеэр мэдээлжээ.

Умард Солонгосын дэфакто “хоёр дахь хүн” болсон Ким Ёо Жон одоо АНУ, Өмнөд Солонгостой харилцах асуудлыг хариуцаж байгаа гэнэ. Гэхдээ түүнийг Ким Жон Уны залгамжлагчаар зарлаагүй байгааг тагнуулын тайланд өгүүлжээ.

Гэхдээ Пёньянд болж буй үйл явдлын талаар Өмнөд Солонгосын тагнуулын албаны гаргасан мэдээлэл заримдаа худал байх тохиолдол гардаг тул дээрх мэдээллийн үнэн зөвийг батлах боломжгүй байна.

Ким Ёо Жон нь Ким Жон Уны ах дүү нарын дотроос итгэлийг нь хүлээж, төрийн өндөр алба хашиж байгаа ганц хүн.

Тэрбээр 1987 онд төрсөн, ахаасаа дөрвөн насаар дүү юм. Тэд хоёул Швейцарийн Бернд суралцаж, боловсрол олж авсан байна.

Ким Ёо Жон 2018 онд Пёнчаны өвлийн олимпийн наадамд Умард Солонгосын төлөөлөгчдийг ахалж оролцсоноор Кимийн гэр бүлийнхнээс Өмнөд Солонгост очсон анхны хүн болж байв.

Тэр бас ахыгаа Өмнөд Солонгос, АНУ, Хятадын төрийн тэргүүнүүдтэй уулзахад бараа болж байжээ

 

Эх сурвалж: BBC