Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Burberry ашиг олох зорилгоор амны хаалт үйлдвэрлэсэн анхны тансаг эдлэлийн брэнд боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Их Британийн Burberry компани тансаг эдлэлийн брэндүүдээс анх удаа ашгийн зорилгоор амны хаалт үйлдвэрлэж, худалдаанд гаргахаар болсноо өчигдөр зарлажээ.

Хувцас үйлдвэрлэхэд гарсан илүүдэл материалаар хийсэн амны хаалт нь нян, бактериас хамгаалах технологийг агуулсан гэнэ.

Нэг бүрийн үнэ нь 90 паунд ($120) байх шинэ бүтээгдэхүүнийг хэзээ худалдаанд гаргах тухай мэдээлээгүй байна.

Дөрөвдүгээр сард Burberry цар тахалтай тэмцэж буй Британийн эмнэлгийн ажилтнуудад зориулж хамгаалалтын хэрэгсэл үйлдвэрлэж байсан юм. Харин энэ удаа арилжааны зорилгоор амны хаалт үйлдвэрлэж байгаагаараа онцлог.

 

Амны хаалт бүрээс орсон орлогын 20 хувийг коронавирусийн цар тахалтай тэмцэх Burberry Foundation COVID-19 Community санд хандивлах ажээ.

Энэ оны хавраас эхлэн хувцас загварын жижиг брэндүүд амны хаалт үйлдвэрлэн худалдаанд гаргаж байсан ч Chanel, Louis Vuitton зэрэг том брэндүүд энэ бизнес рүү ороогүй байсан юм.

Burberry амны хаалт нь хул шаргал, цайвар хөх гэсэн хоёр өнгөний сонголттой байх ба хадгалах жижиг цүнхтэй ирэх ажээ.

 

Эх сурвалж: Business Insider