Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Хоёроос дээш хүүхэд өвдвөл тухайн ангийн хичээлийг түр зогсоох нь халдвар тархахаас сэргийлэх сайн арга"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг өнгөрсөн долоо хоногт Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит болон энгийн нислэгээр ирсэн нийт 530 иргэнийг хүлээн авч халдваргүйжүүлэлтийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Мөн хоёр онгоц, 25 тээврийн хэрэгсэл, хоёр тусгаарлах байранд эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж ажилласан талаар ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал  Н.Цогбадрах мэдээллээ.

Тэрбээр "Бид ОХУ-аас Алтанбулаг боомтоор орж ирсэн есөн тийр машины 150 тонн ачаа тээвэрт эцсийн халдваргүйтгэл хийсэн. ЗӨСҮТ-ийн лабораторид Улаанбаатар хотын хоёр тусгаарлах байранд байгаа 150 хүнээс сорьц авч шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор ЗӨСҮТ, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-тэй хамтран сургуулийн болон сургуулийн өмнөх сургалтын байгууллагын 800 гаруй эмчид коронавирусээс сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийн талаар сургалт зохион байгуулж байна" хэмээн ажлын явцаа танилцуулав.

Үргэлжлүүлэн, COVID-19 халдварын тархалт дэлхий нийтэд дахин сэргэсэн энэ үед хичээл сургууль эхэлж буй тул бид халдвараас сэргийлэх сонор, сэрэмжээ улам чангатгахыг анхаарууллаа.

"Ялангуяа багш нар өглөөний асуумжийг хүүхдүүдээс сайн авч, ямар нэг зовууртай томуу зэрэг өвчний шинж тэмдэгтэй хүүхэд байвал авахгүй байх ёстой. Мөн эцэг, эхчүүд ч хүүхдэд өвчний шинж тэмдэг илэрвэл цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байж хэрэгтэй.

Нөгөө талаар, өвчлөлийн ямар нэг сэжигтэй тохиолдол гарч, хоёроос дээш хүүхэд өвдсөн тохиолдолд сургуулийн удирдлага, эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж тухайн ангийн хичээлийг түр зогсоох хүртэл арга хэмжээ авах нь халдвар олон нийтийн дунд тархахаас сэргийлэх маш сайн арга.

Мөн анги танхимын цэвэрлэгээ, байнгын халдваргүйжүүлэлтийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай" гэдгийг онцлов.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/681414746055302

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
10 | 6 | 4 цаг