Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп “Goodyear” компанийн эсрэг "дайн" зарлав

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр автомашины дугуй үйлдвэрлэгч Goodyear компанид "дайн" зарлажээ.

Саяхан тус компанийн ажилчдын дотоод сургалтын үеэр ажлын байранд улс төрийн үзэл суртал, бусдыг янз бүрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаа бүхий хувцас өмсөж болохгүйг заасан юм байна.

Ингэхдээ Дональд Трампын сонгуулийн уриа болох MAGA (Make America Great Again) гэсэн бичигтэй малгайг ажлын байранд өмсөхгүй байхыг зөвлөсөн ажээ. Сургалтын үеэр үзүүлсэн материалын гэрэл зураг сошиал орчинд тарсан нь Трампын чихэнд хүрсэн байна.

Өчигдөр Трамп твиттер хуудсандаа “Goodyear компанийн дугуйг битгий ав! Тэд MAGA малгайнд хориг тавьсан байна. Илүү хямд үнээр өөр дугуй авцгаая!” гэж бичжээ.

Дараа нь болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай хамгаалалттай лимузин Goodyear компанийн дугуйтай байдгийг сануулахад Трамп өөр үйлдвэрийн дугуйгаар солихоо амласан байна.

Трампын мэдэгдлийн дараа түүний өрсөлдөгч, Ардчилсан Намын нэр дэвшигч Жо Байден үндсэн ажлаа хийлгүй, жижиг сэдвийг улс төржүүлж байгаад нь харамсал илэрхийлжээ.

Тэр бас эдийн засгийг олон мянган ажлын байраар хангадаг Америк компанийн эсрэг бойкот зарлаж байгааг нь буруутгасан байна.

Дональд Трамп 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл Apple-аас эхлээд CNN хүртэл олон компанитай сөргөөцөлдөж, бойкот зарлаж байсан түүхтэй.

63,000 ажилчинтай Goodyear нь Умард Америкийн хамгийн том дугуй үйлдвэрлэгч бөгөөд 2018 онд АНУ-ын зах зээлд нийлүүлэгдсэн бүх шинэ автомашины 24 хувь нь тус компанийн дугуйтай байжээ.

 

Эх сурвалж: BBC