Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ дахь эмэгтэй гишүүд нам харгалзахгүйгээр хамтарсан бүлэг байгуулснаа мэдэгдлээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын 2020 оны сонгуулийн дүнгээр эмэгтэй гишүүдийн тоо 13 буюу 17 хувийг эзэлж байна. Энэ нь 2016-2020 оны чуулганд эзэлж байсан хувь хадгалагдсан дүн юм.

Өнөөдөр эмэгтэй гишүүд улстөрийн нам харгалзахгүй бүлэг байгуулснаа зарлалаа. Эдгээр 13 гишүүн тус бүр нийгмийн өмнө тулгамдсан нэгээс хоёр асуудлыг хариуцан авч бусад гишүүн нь дэмжиж ажиллах юм байна.

Тухайлбал, эмэгтэй гишүүд залуучуудын хөгжил, бизнес эрхлэх боломж, боловсрол, хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг хууль эрх зүйн хэрэгжүүлэлт, хүний хөгжлийн цогц бодлого боловсруулах зэрэг олон асуудалд анхаарлаа хандуулж манлайлж ажиллахаа илэрхийллээ. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор "Залуучуудын хөгжил, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг анхаарч авч үзэх шаардлагатай болсон" гэж байв.

Мөн УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа архидалт, эрчүүдийн мэндийн төлөө дорвитой анхаарч ажиллана гэж байгаа бол УИХ-ын гишүүн О.Сарангэрэл "Хоёр настай хүүхдүүдийг энэ жил цэцэрлэгт авах боломжгүй байгаа учир хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлэх ажлыг бид санаачилж шийдвэр гаргуулна" гэлээ. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Монгол Улсын хамгийн эмзэг асуудал бол ядуурал. Ядуурлын эсрэг бид тэмцэх болно" гээд эмэгтэй гишүүд нийгэмд тулгамдсан 10 гаруй асуудлыг барьж авч манлайлж ажиллахдаа төр, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана гэлээ. 

Эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар УИХ, Засгийн газрын гишүүн Д.Сарангэрэл ажиллах юм байна.