Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Мали улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нарыг бослого гаргасан цэргүүд баривчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрынхаа эсрэг боссон цэргүүд өчигдөр баруун Африкийн Мали улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нарыг баривчилжээ

Хөрш орнууд нь болон Франц улс, Европын Холбоо, Африкийн Холбоо гэнэтийн энэ явдалд харамсаж байгаагаа илэрхийлж, үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах нь Мали улсын улс төр, эдийн засгийг тогтворгүй болгох аюултайг анхааруулжээ.

НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл энэ асуудлаар Лхагва гарагт Нью Йорк хотод шуурхай хуралдахаар болсон байна.

Ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейта, ерөнхий сайд Бубу Сиссе нарыг нийслэл Бамако хотоос баривчилж, хорьсноо босогчдын нэг удирдагч мэдээлжээ.

Удирдагчдыг цэргүүд хуягт машинд суулган нийслэлээс 15 км зайтай оршдог Кати тосгон руу авч явсныг Малигийн засгийн газрын төлөөлөгч баталсан байна.

75 настай ерөнхийлөгч Кейтаг огцрохыг шаардан жагсаж байсан иргэд цэргүүдийг явсны дараа ерөнхийлөгчийн ордонд нэвтэрчээ.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон хямралыг хэрхэн зохицуулах асуудлаар Нигери, Кот Дивуар, Сенегал улсуудын төрийн тэргүүнүүдтэй утсаар ярьсан байна.

АНУ-ын баруун Африк дахь тусгай элч Питер Фам мөн үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг булаасан явдлыг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ.

Мали улсад энэ оны зургаадугаар сараас улс төрийн хямрал эхэлсэн юм. Эдийн засгийн уналт, эрх баригчдын авлигын асуудлууд, жихадистуудын халдлага довтолгоо зэргийн улмаас Маличууд ерөнхийлөгчөө огцрохыг шаардан тэмцэж эхэлсэн байна.

Өнгөрсөн сард тэмцэгчид, эрх баригчдын хооронд мөргөлдөөн гарах үеэр 11 хүн амиа алдсан юм.

2012 онд тус улсын зарим бүс нутагт жихадистуудын бослого гарснаас хойш Малигийн эрх баригчид газар нутгаа бүрэн хянаж чадахгүй байгаа.

Одоогийн ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейта нь 2012 онд гарсан цэргийн эргэлтийн дараа төрийн эрхийг авч байжээ.

 

Эх сурвалж: AFP