Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Нью Йорк мужийн захирагч коронавирусийг “Европын вирус” гэж нэрлэв

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Нью Йорк мужийн захирагч Эндрью Куомо

АНУ-д болж буй Ардчилсан Намын үндэсний чуулганд видео холбоогоор оролцож, үг хэлэхдээ Нью Йорк мужийн захирагч Эндрью Куомо коронавирусийг “Европын вирус” гэж нэрлэжээ.

“Манай одоогийн холбооны засгийн газар үүргээ гүйцэтгэж чадахгүй, сул ажиллаж байна. Коронавирустэй тэмцэж чадахгүй, тэр ч байтугай хаанаас ирснийг нь ч хэлж чадахгүй байгаа. Европын вирус манай улсын зүүн хойд хэсэгт тархаж байхад Цагаан ордон бүх анхаарлаа Хятадад хандуулаад байв” гэж Куомо ярьсан байна.

Түүний хэлсэн үг ерөнхийлөгч Дональд Трампын байр суурьтай зөрчилдөж байна. Трамп шинэ төрлийн коронавирусийг “Хятадын вирус” гэж байнга ярьж байгаа.

Энэхүү вирус нь Хятадын Ухань хотод анх илэрч байсан ч Нью Йорк хот орчимд Европоос ирсэн жуулчид зөөвөрлөж авчраад тараасан гэж зарим судлаачид үздэг.

АНУ-ын улс төрийн хоёр гол нам болох Бүгд Найрамдах, Ардчилсан Намууд үндэсний чуулганаа хийж, арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ албан ёсоор зарлах гэж байна.

Цар тахлын улмаас намууд чуулганаа видео холбоогоор зохион байгуулж байгаа. Ардчилсан Намын чуулган энэ сарын 20 хүртэл үргэлжилж, Жо Байденыг нэр дэвшүүлж байгаагаа зарлана.

Харин Бүгд Найрамдах намын үндэсний чуулган наймдугаар сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, одоогийн ерөнхийлөгч Дональд Трампыг нэр дэвшигчээр зарлах юм.

 

Эх сурвалж: Reuters

 

Зураг
13 | 18 | 18 цаг