Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

"СOVID-19-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүс халдвар тараах эрсдэлгүй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

COVID-19-ийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс, ямар нэг байдлаар халдвар тараах эрсдэлгүй гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн хэвлэлийн хурлаар мэдэгдэв.

Тэрбээр "Эдгэрсэн хүмүүсийн хэд нь ажиглалтаас гарсан бэ. Тэдгээр иргэнд эрүүл мэндийн байгууллагаас хяналт тавьж байгаа юу" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

А.Амбасэлмаа "Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн 298 тохиолдлоос өнөөдрийн байдлаар 278 нь эдгэрээд байна.

Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 49, гэрийн ажиглалтад 14 хүн тусгаарлагдаж байгаа бол 215 хүний ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан.

Ажиглалт тандалтын хугацаа нь дууссан хүмүүсийн удаа дараагийн шинжилгээ нь сөрөг гарсан. Тиймээс тэдгээр хүнээс дайжиж, зугтаж болохгүй. Учир нь халдварт өвчнийг хэн ч тусаж болно. Гол нь тодорхой хугацаанд эмчлэгдээд, хянагдчихсан учраас тэд халдвар тараах эрсдэлгүй.

Тодруулбал, ХӨСҮТ-ээс гарахдаа шинжилгээ нь сөрөг гарсан. Сувилалд ажиглалтад байх хугацаандаа зохих шинжилгээнүүдээ хийлгэхэд коронавирус илрээгүй.

Мөн гэрийн ажиглалтад байх хугацаандаа хоёр удаагийн PCR шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Тэдгээр иргэнийг эмнэлгээс гарсны дараа сар гаруйн хугацаанд хянаж, тандаад, тус бүрийнх нь аймаг, дүүргийн өрхийн эмчийн хяналтад оруулж байгаа.

Мөн бид тэр хүмүүстээ тодорхой зөвлөмж өгч, харилцан итгэлцлийн гарын үсэг зуруулсан” гэв.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/1457713017746946

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 7 | 7 цаг