Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Covid-19 нь АНУ-ын иргэдийн дунд нас баралтын гурав дахь том шалтгаан болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Жилийн өмнө байгаагүй шинэ вирус өнөөдөр Америкчуудын үхлийн гурав дахь том шалтгаан болсныг эрдэмтэд мэдээлжээ. Өнөөдрийн байдлаар АНУ-д нийт 5.4 сая хүн коронавирусийн халдвар авснаас 170,000 гаруй нь нас бараад байна.

Сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд өдөр бүр дунджаар 1,000 гаруй хүн Covid-19 өвчнөөр амиа алджээ.

“Covid-19 өнөөдөр АНУ-д хүний нас баралтын 3 дахь том шалтгаан болоод байна. Осол, чихрийн шижин, Алцгеймэрийн өвчин зэргээс илүү олон хүнийг энэ өвчин үхүүлж байна” гэж тус улсын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвийн захирал асан, доктор Томас Фриден өчигдөр ярьжээ.

Жил бүр АНУ-д хамгийн олон хүн зүрх судасны өвчнөөр, дараа нь хорт хавдраар нас бардаг юм байна. Харин Covid-19 өвчин одоо энэ хоёрын дараа гуравдугаарт бичигдэх болжээ.

Covid-19 өвчнөөр өвчилсөн хүмүүсийн нас баралтын хувь хэмжээ ч дэлхийн бусад улс орнуудаас илүү өндөр байна.

Доктор Фриден энэ талаар “Өнгөрсөн долоо хоногт Америкчуудын коронавирусийн өвчлөлөөр нас барах магадлал Европчуудынхаас найм дахин өндөр байлаа” гэж ярьжээ.

Хичээлийн шинэ жил эхэлж, оюутнууд цугларч байгаатай холбоотой коронавирусийн халдвар их сургуулиудаар тарж эхлээд байна.

Тухайлбал Умард Каролинагийн их сургуульд хичээл эхлээд удаагүй байхад халдварын дөрвөн голомт илэрчээ. Даваа гарагийн байдлаар тус сургуулийн 177 оюутан тусгаарлагдаж, 349 оюутныг хөл хорионд оруулсан байна.

Халдвар тарсны дараа тус сургууль бүх хичээлээ онлайнаар заахаар болжээ.

 

Эх сурвалж: CNN