Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Германы судлаачид амны хөндийгөө гурван удаа зайлахад вирус байхгүй болж буйг судалгаагаар тогтоов

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээллийг хүргэх үеэр халдвартай холбоотойгоор хийгдсэн зарим судалгааны талаарх мэдээллийг өглөө. 

Тодруулбал, Германы судлаачид хүн амны хөндийгөө зайлах нь COVID-19-ийн халдвар дамжих эрсдлийг бууруулах боломжтой талаар туршилт судалгааг хийжээ.

Судалгаагаар хүн 30 секунд амаа зайлахад вирусийн түвшин буурсан. Харин гурван удаа амны хөндийгөө зайлахад тухайн хүний аманд вирус байхгүй болсон байна.

Манай улсад өнгөрсөн хоёрдугаар сараас хойш давс, сод, тамедин зэрэг өөрт байгаа гарын доорх материалаа ашиглан ам, хоолойгоо зайлах нь үр дүнтэй гэж иргэддээ зөвлөж байсныг Германы эрдэмтэд ийнхүү баталлаа хэмээн Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлсэн юм. 

Мөн АНУ-ын эрдэмтэд хүн амын дунд нь нийтлэг хэрэглэгдэж буй 14 амны хаалтыг харьцуулан судалсан судалгаа хийхэд хамгийн сайн хамгаалж байгаа нь мэс заслын гэгддэг нэг удаагийн маск, дараагаар нь даавуун амны хаалт оржээ. 

"Гэрийн тэжээвэр амьтдыг мал эмнэлгийн хяналтад байлгаж, гадуур дагуулж явахгүй, бусад амьтадтай тоглуулахгүй байхыг зөвлөж байна"

 
гэрэл зургийг MPA.mn

Д.Нарангэрэл эмч нэмж мэдээлэхдээ "Финланд улсын иргэд гадны оронд очоод ирсэн бол өөрсдийгөө 14 хоног тусгаарлах, тусгаарлаагүй тохиолдолд гурван сар хорьж шийтгэх шийдвэр гаргасан байна. 

Түүнчлэн АНУ-ын хойд мужид коронавирусийн халдварын улмаас нохой нас барсан. Нохойн эзэн нь халдвараар өвчилсөн бөгөөд өвчилсөн хүнээс амьтанд халдсан байх магадлалууд ийнхүү гарч байгааг хэлье. Иймд гэрийн тэжээвэр амьтдыг мал эмнэлгийн хяналтад байлгаж, гадуур дагуулж явахгүй, бусад амьтадтай тоглуулахгүй байхыг зөвлөж байна.  

Манай улсын хувьд тусгаарлах ажиглалтад өчигдөр шинээр 324 хүн орсон” гэв. 

ВИДЕО ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1022493051534695/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.