Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэд сард 1GB дата худалдан авах чадвар 70% байгаа нь цахимаар хүргэх боловсролын чанарт шууд нөлөөлөхөөр байна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын харилцаа холбооны салбарын өнөөгийн байдлын талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хэлтсийн дарга А.Золзаяа өнөөдөр танилцууллаа.

Тэрбээр төрийн ордонд болсон "Боловсролын салбар дахь цахим шилжилт" хэмээх хэлэлцүүлэгт оролцон, дээрх сэдвээр илтгэл тавьсан юм. 

Түүний танилцуулснаар харилцаа холбооны үндсэн сүлжээнд 335 сум, суурингийн 324 нь шилэн кабелиар холбогдсон аж. Түүнчлэн 4.4 сая гар утас хэрэглэгч бүртгэлтэй байгаагийн 3.2 сая нь ухаалаг гар утастай байна.

Тодруулбал, Android үйлдлийн системтэй утсыг 1.6 сая, iOS үйлдлийн системтэй гар утас хэрэглэгч 414 мянган хүн байгаа бол үлдсэн нь бусад төрлийн үйлдлийн системтэй гар утас ашиглаж байгаа юм.

Ерөнхий боловсролын бүх сургууль интернэтэд холбогдсоноос ердөө 23 нь бага хурдны сансрын интернэт ашиглаж байгаа аж.

2019 онд цахим шилжилтийн бэлэн байдлыг үнэлсэн судалгааг хийжээ. Ингэхдээ санхүү, хууль эрх зүй, хүний нөөцийн чадавх, дэд бүтэц гэх дөрвөн үндсэн бүлгээр судалжээ. Үүнээс онцлон дэд бүтэц, хүний нөөцийн чадавхын судалгааг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хэлтсийн дарга А.Золзаяа танилцууллаа. 

Дэд бүтэц:

Цахим шилжилт хийхэд хамгийн чухал нь эрчим хүчинд холбогдсон байдал бөгөөд энэ үзүүлэлт манай улсад 80 хувь байна. Харин 100 хүнд ноогдох гар утасны тоо 113 хувь байгаа нь цахим шилжилтийг хийхэд давуу тал болох юм.

Харин интернэт худалдан авах чадвар бага гарсан байна. Хэдийгээр бусад оронтой харьцуулахад манай улсын интернэтийн үнэ хямд боловч нэг сард 1 GB дата худалдан авах чадвар 70 хувьтай гарсан нь чамлахаар үзүүлэлт. Энэ нь цахимаар хүргэх боловсролын чанарт шууд нөлөөлөхөөр харагдаж байгаа юм. 

Хөдөлгөөнт интернэт хэрэглэгчийн тоо орон нутагт 26.3%, суурин интернэт хэрэглэгчийн тоо Улаанбаатар хотод 38%, орон нутагт 7% байна. Цахим боловсрол олгоход суурин интернэт чухал байр суурийг эзэлдэг тул цаашид суурин интернэтийн хүртээмжийг анхаарах хэрэгтэй байгааг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хэлтсийн дарга А.Золзаяа онцоллоо.

Хүний нөөцийн чадавх:

2017-2019 онд мэдээллийн технологийн мэргэжилтний эрэлт өсөх хандлагатай байв. Энэ үед суралцаж байгаа оюутны тоо буурах хандлагатай байлаа. Харин энэ чиглэлийн мэргэжлийн давуу талыг сурталчилснаар суралцах оюутны тоо нэмэгдэх үед ажлын байрны эрэлт 2019 онд буурсан. Тиймээс эрэлт, нийлүүлэлтийн зохистой байдлыг хэрхэн хангахыг судлах шаардлага бийг илтгэгч тодотгосон юм.

Мөн хүний нөөцийн чадавхын асуудалд тоон бичиг үсгийн тайлагдалт, мэдээлэл технологийн зохистой хэрэглээ, мэдээллийн аюулгүй байдлаа хангах чадвар 32 хувьтай байна.

Интернэт идэвхтэй хэрэглэгчийн тоо 2.2 сая байгаагаас гар утсаар дамжуулан нийгмийн сүлжээ идэвхтэй хэрэглэдэг хүний тоо 2.1 сая байна.