Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Цэдэвсүрэн: Багш бэлтгэх хөтөлбөрт цахимаар хичээл хэрхэн заах агуулгыг оруулах нь зүйтэй гэж үзэж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 8 сарын 11
iKon.MN

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран "Боловсролын салбар дахь цахим шилжилт" хэлэлцүүлэгийг Төрийн ордонд зохион байгуулж байна. 

Хэлэлцүүлгээр мэдээллийн технологийн хөгжилтэй холбоотойгоор боловсролын салбарт үүсэж буй боломж, тулгамдсан асуудал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэнэ.

Шууд үзэх:
https://www.facebook.com/iKonNews/videos/612354116132047/

Н.Учрал: Эцэг, эхчүүдэд зориулан цахим боловсролын гарын авлага гаргах хэрэгтэй

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ "Цахимаар боловсрол олгох нь цоо шинэ зүйл биш. Харин монголчууд бидэнд шинэ тутамд тулгарч буй сорилт юм. Өнгөрсөн хавар теле хичээл оруулахад эцэг, эхчүүд байнга дэргэд нь байж, зааж зөвлөх боломжгүй байгаа нь нэг дутагдал байв. Тиймээс эцэг, эхчүүдэд зориулсан гарын авлага гаргах шаардлагатай гэж үзэж байна" гэлээ. 

"Хоосон хана хараад хичээл заах нь багш нарт хүнд байсан ч богино хугацаанд хөрвөж, камертай ажиллаж сурлаа"

Гэрэл зургийг mpa.mn

БШУ-ын сайд Л.Цэдэвсүрэн "Мэдээллийн технологийн хөгжил бүхнийг өөрчилж байна, ялангуяа хүнийг. Энэхүү өөрчлөлт нь боловсролын салбарт илүү нөлөөлж байгаа юм. Дэлхий даяар улс орнууд хичээл сургалтын үйл ажиллагаагаа олон хэлбэрээр нээхээр төлөвлөж байна. Манай улс есдүгээр сарын 1-нээс хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. 

Бага дунд боловсролд нэгдсэн палтформ байхгүйн улмаас бэрхшээл хүндрэл гарсан. Гэхдээ энэ нь чанарт нөлөөлөөгүй. 

Бүх сургуулиудаа цахимд холбосон ч хурд муу байгаа нь ажиглагдсан. Цаашид сургуулийн орчинд интернетийн чанар, хурдыг сайжруулах шаардлага бий. Хоосон хана хараад хичээл заах нь багш нарт хүнд байсан ч тэд маань богино хугацаанд хөрвөж, камертай ажиллаж сурлаа. Цаашид багш бэлтгэх хөтөлбөрт цахимаар хичээлээ заах агуулгыг оруулах нь зүйтэй гэж үзсэн. 

Дээд боловсролын салбарт нь нэгдсэн платформ бахйгүй тул сургууль бүр өөрсдийн дотоод сүлжээнд суурилан хичээл сургалтын үйл ажиллагаагаа зохион байгууллаа. 

Цахим бодлого, сургалт, эрх зүйн нээлттэй орчин байхгүй. Гэхдээ хориглоогүй. Тиймээс эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай гэж үзсэн.

Цахим шилжилтээр олон улсын жишигт нийцсэн онлайн хичээл, контентийг боловсруулж, ашиглах шаардлагатай байна. Түүнчлэн онлайн сургалтаар иргэдийг насан туршдаа суралцахыг дэмжих хэрэгтэй байна.

Цахим боловсролын үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх, оролцогчдын хамт ажиллагааг өргөтгөх шаардлагатай нь судалгааны явцад ажиглагдлаа. Хэдийгээр сургуулиудад мэдээллийн технологийн анги танхимууд бий ч энэ технологийн хөгжлийн хурдыг гүйцэхгүй байна" гэлээ.