Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Цахимд шилжсэнээр хүүхдүүдийг сонирхлын бүлгээр нь багцалж, сургуулийн удирдлага менежмент хийх боломжтой"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд "Боловсролын салбар дахь цахим шилжилт" хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. 

Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир "Ерөнхий боловсролын салбар дахь цахим шилжилтийн асуудал" сэдвээр илтгэл тавилаа. 

Тэрбээр сургалтын хэлбэрийг цахим болон теле хэлбэрт шилжүүлэхэд анхаарах, зайлшгүй хийх төвөн зүйлийг тодорхойлсон юм.

1. Платформ - Олон салангид платформ нь нэгж хүнд хүндрэл учруулж байна. Цаашид үндэсний хэмжээнд нэгдсэн платформтой байх ёстой. Энэ ажлыг БШУЯ эхлүүлсэн. 

2. Удирдлагын ухаалаг системийг бүрдүүлэх - Теле болон цахим хичээлийн явцад ирцийн мэдээг тогтмол авч байсан ч хүүхдүүд хичээлээ хэр ойлгосон, юун дээр илүү анхаарах ёстой талаар эргэх холбоо байгаагүй. Тийм учраас хичээл эхлэхэд хүүхдүүдэд тодорхой хэмжээнд хоцрогдол үүссэн байх тул тусгайлсан зөвлөмж боловсруулж байна. Удирдлагын ухаалаг системийг бүрдүүлж, нутагшуулснаар хүүхэд болгонтой эргэх холбоотой байж, хяналт тавих боломжтой. 

3. Каталог - Нээлттэй өгөгдөл, цахим хичээлүүдийг олон хувилбараар байршуулах хэрэгцээ бий. Хичээлүүдийг өөрсдөө боловсруулахаас гадна олон улсын хичээлүүдийг ч орчуулж, сан үүсгэх хэрэгтэй.

4. Портфолио - Хийж хэрэгжүүлсэн, боловсруулсан зүйлсээ нийтэд хуваалцах шаардлагатай. 

5. LMS/Learning management system/ - Багшийн үйл ажиллагааг дижиталчилж, идэвхтэй сургалтын үйл ажиллагааг бий болгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, сургуульд студийн зохион байгуулалт чухал байгааг Боловсрол, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир тодотголоо.

Түүнчлэн тэрбээр сургуулийн өмнөх боловсролын хувьд хүүхдүүдийн анхаарлыг төвлөрүүлэх нь чухал байдгийг онцлоод шинэ тутамд нэвтэрч буй AR, VR технологиор танин мэдэхүйд суурилсан, хүүхдийн анхаарал татах аппликейшн бүтээх аргаар боловсрол, мэдлэг олгох боломж бийг цохон тэмдэглэв. 

Харин "Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрөөр хүүхэд бүрд тохирсон агуулга, сурагч бүрд тохирсон арга зүй чухал. Одоо ашиглаж буй арга барилаар тодорхой хугацаанд судлах ёстой агуулгыг зааж өгч, үнэлгээ тавьж байгаа нь учир дутагдалтай. Цахимд шилжвэл хүүхэд бүр өөрийн хурд, онцлогоор сурч, 12 дугаар анги төгсөхдөө зорьсондоо хүрсэн байх ёстой юм.

Мөн хүүхдүүдийг сонирхлын бүлгээр нь багцалж, сургуулийн удирдлага менежмент хийх боломжтой байна" хэмээн тэрбээр мөн дурдав.

ВИДЕО:
https://www.facebook.com/iKonNews/videos/612354116132047/