Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын нэг хүнд ногдох ҮНДЭСНИЙ НИЙТ ОРЛОГО дэлхийн дунджаас 3.1 дахин бага байна

Б.Ану
2020 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн банкны тооцооллоор 2019 онд дэлхийн хэмжээнд нийт $88.8 их наядын бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэсэн байна.

Үүний 55.9 их наяд ам.доллар буюу 63.0 хувийг дэлхийн нийт хүн амын 16.1 хувь амьдардаг өндөр орлоготой орнууд, 32.8 их наяд ам.доллар буюу 37.0 хувийг нийт хүн амын 83.9 хувь амьдардаг дунд орлоготой орнууд бүрдүүлжээ.

Монгол Улсын үндэсний нийт орлого (ҮНО) 2019 онд 12.1 тэрбум ам.доллар болсон байна.

  • Энэ нь 2010 оноос 6.7 (2.2 дахин) тэрбум ам.доллар,
  • 2018 оноос 0.6 (5.2%) тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлт болсон талаар Үндэсний Статистикийн Хорооны нэгтгэсэн "Монгол Улсын хөгжил олон улсын түвшинд" харьцуулсан судалгаанд дурджээ. 

ОХУ-ын ҮНО 2019 онд 1.7 их наяд ам.доллар болж, 2010 оноос 226.4 (15.9%) тэрбум ам.доллароор, 2018 оноос 146.7 (9.7%) тэрбум ам.доллароор өссөн байна.

Харин манай урд хөрш болох БНХАУ-ын ҮНО 2019 онд 15.6 их наяд ам.доллар болж, 2010 оноос 8.7 (2.5 дахин) их наяд ам.доллароор, 2018 оноос 1.2 (8.7%) их наяд ам.доллароор өсжээ.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улсын ҮНО жилд дунджаар 9.3 хувиар өсөж байсан нь дэлхийн дундаж өсөлтөөс 5.8 пунктээр, бага, дунд орлоготой орнуудаас 3.1 пунктээр, Индонези улсаас 2.6 пунктээр, Филиппин улсаас 2.1 пунктээр, ОХУ-аас 7.7 пунктээр хурдан өссөн байна.  Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн (ЗАНДБН) орнуудын (өндөр орлоготой орнуудыг хассанаар) ҮНО-ын дундаж өсөлтөөс 1.4 пунктээр, БНХАУ-аас 1.4 пунктээр удаан байна.

Монгол Улсын ҮНО дэлхийн ҮНО-ын 0.014 хувийг бүрдүүлж байгаа бол бага, дунд орлоготой орнуудын ҮНО-ын 0.037 хувийг, ЗАНДБН-ын орнуудын (өндөр орлоготой орнуудыг хассанаар) ҮНО-ын 0.07 хувийг бүрдүүлж байгаа тухай судалгаанд дурджээ.

Дэлхийн нэг хүнд ногдох үндэсний нийт орлого сүүлийн арван жилийн дунджаар 10,397 ам.доллар, харин Монгол Улс багтдаг бага, дунд орлоготой орнуудын хувьд дунджаар 4,314 ам.доллар байгаа юм.

Хөгжлийн түвшингээр манай улстай ойролцоо улс, орнууд болох Индонези, Филиппин улсын нэг хүнд ногдох ҮНО дунджаар 3,353 ам. доллар, 3,188 ам.доллар байна.

Монгол Улсын нэг хүнд ногдох ҮНО 2019 онд 3,780 ам.доллар болж, энэ нь 2010 оноос 1,780 (89.0%) ам.доллар, 2018 оноос 150 (4.1%) ам.доллароор өссөн үзүүлэлт аж. Манай улсын хөрш орнууд ОХУ болон БНХАУ-ын нэг хүнд ногдох ҮНО дунджаар 11,892 ам. доллар болон 6,795 ам. доллар байна.

Монгол Улсын нэг хүнд ногдох ҮНО 2019 онд:

  • дэлхийн дунджаас 3.1 дахин,
  • Европ, Төв Азийн орнууд, Зүүн ази, Номхон далайн орнуудын дунджаас 2.1-2.2 дахин,
  • хөрш хоёр орон ОХУ, БНХАУаас 2.8-3.0 дахин бага байна.
  • Харин Өмнөд Азийн орнуудын дунджаас 87.3 хувиар их байна. 
Монгол Улсын нэг хүнд ногдох ҮНО 2010 оноос хойш жилд дунджаар 7.3 хувиар өссөн нь дэлхийн дундаж өсөлтөөс 5.0 пунктээр, бага, дунд орлоготой орнуудаас 2.4 пунктээр, Индонези улсаас 2.0 пунктээр, Филиппин улсаас 1.8 пунктээр, ОХУ-аас 6.0 пунктээр их өссөн байна. Харин ЗАНДБН-ын орнуудын (өндөр орлоготой орнуудыг хассанаар) ҮНО-ын дундаж өсөлтөөс 1.9 пунктээр, БНХАУ-аас 2.9 пунктээр бага байна.
 
 

 



Үндэсний нийт орлого (ҮНО) гэж юу вэ? 

ҮНО нь хаана үйлдвэрлэгдсэнээс нь шалтгаалахгүйгээр тухайн улсын эдийн засгийн харьяатуудын эзэмшиж байгаа үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн орлогын нийлбэр үзүүлэлт юм.

ҮНО-ыг тооцохдоо ДНБ-ий гүйцэтгэл дээр гадаад эдийн засгаас орсон цэвэр анхдагч орлого буюу эдийн засгийн харьяатаас орсон орлогыг нэмж, харьяат бусын орлогыг хасаж тооцно. Гадаад эдийн засгаас орох орлогод эдийн засгийн харьяат, харьяат бусын хооронд хийгдэх хоёр төрлийн ажил гүйлгээ байх бөгөөд энэ нь харьяат бус ажиллагчдад төлсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, хөрөнгө оруулалтын орлого байна.

Зураг
13 | 16 | 17 цаг