Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ливанчууд Францын ерөнхийлөгчөөр улсаа удирдуулахыг хүсэв

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Ливаны нийслэл Бейрут хотод томоохон дэлбэрэлт болсны улмаас хэдэн зуун хүний амь үрэгдэж, олон мянган хүн шархдаад байгаа билээ.

Өчигдөр дэлхийн улс орнуудын удирдагчдаас түрүүлж Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон тус улсын нийслэл Бейрутад зочилж, гамшгийн нөхцөл байдалтай танилцжээ.

Ливан улс нь Ойрх Дорнод дахь Францын колони байсан түүхтэй. Макрон “Ливан улс ганцаараа биш” гэж мэдэгдээд олон улсаас тусламж дэмжлэг авах ажлыг зохион байгуулах амлалт өгсөн байна.

Гэхдээ тэр улс төр, эдийн засгийн гүн хямралтай байгаа Ливан улсад “яаралтай шинэчлэл хийхгүй бол гамшиг үргэлжлэх болно” гэж анхааруулжээ.

Бейрут хотын боомтод аюултай бодис хяналтгүй хадгалагдаж байсанд иргэд бухимдаж, авлигад идэгдсэн албан тушаалтнуудыг уг дэлбэрэлтэд буруутгаж байгаа юм.

Өчигдөр Эммануэл Макроныг дэлбэрэлт болсон бүсэд зочлох үеэр тэнд цугларсан иргэд өөрийн удирдагчдыг “террористууд” хэмээн нэрлэж, хувьсгал хийхийг уриалж байлаа.

Зарим иргэд Макронд хандаж “ирж биднийг удирдаач” хэмээн хашхирч байжээ.

Гамшгийн газарт ажиллаж байгаа Франц улсын аврагчид ерөнхийлөгчдөө нөхцөл байдлыг танилцуулсан байна.

Одоогийн байдлаар 137 хүн амь үрэгдсэн нь батлагдаж, 5,000 орчим хүн шархдаад байгаа. Нурангин дороос хүмүүсийг хайх ажил үргэлжилж байгаа тул хохирлын тоо цаашид нэмэгдэх нь тодорхой байна. Үүнээс гадна 300,000 хүртэл тооны хүн орон гэргүй болж, хоргодох байранд байгааг Бейрутын захирагч мэдээлжээ.

Агуулахад олон жил хадгалагдсан 2,750 тонн аммиакийн шүү хэмээх бодис дэлбэрсэн гэж албаныхан урьдчилсан байдлаар дүгнээд байна.

Ливан улсын иргэд өнгөрсөн оны аравдугаар сараас хойш эрх баригчдынхаа эсрэг тэмцэж байгаа юм. Бейрутын гамшиг энэ тэмцлийг улам хурцатгах төлөвтэй байна.

Centre for Global Policy судалгааны төвийн мэргэжилтэн Файсал Итани өчигдөр Нью Йорк Таймс сонинд бичихдээ “Ливаны улс төрчид ойрын өдрүүдэд өндөр хамгаалалтанд шилжих хэрэгтэй. Дэлбэрэлтийн цочрол уур хилэн болж хувирах нь гарцаагүй” гэжээ.

 

Эх сурвалж: AFP

 

Зураг
10 | 5 | 4 цаг