Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Covid-19 өвчнөөр нөхрөө алдсан эмэгтэй амны хаалт зүүдэггүй Трампыг буруутгажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Техас мужийн иргэн Стэси Нэги хоёр долоо хоногийн өмнө нөхөр Дэвидээ коронавирусийн хүндрэлээр алдсан юм. Стэси нөхрөө амьсгал хураахад дэргэд нь байж чадаагүйдээ ихэд харамссан байна.

Саяхан тэр олон жил хамт амьдарсан нөхрийнхөө дурсгалд зориулж, эмгэнэлийн захидал бичсэн нь Техасын орон нутгийн сонинд хэвлэгдэж, нийт Америкчуудын дунд интернэтээр таржээ.

“Манай гэр бүлийнхэн Дэвидийг үхэх ёсгүй байсан гэдэгт итгэлтэй байна. Нөхрийн маань үхэлд Трамп, Эббот (Техасын захирагч) зэрэг цар тахлыг үл тоомсорлосон, хүмүүсийн амь наснаас өөрсдийн нэр хүнд, саналын тоог илүүд үзсэн улс төрчид буруутай” гэж уг захидалд бичсэн байна.

Стэси бас “эмч нарын зөвлөгөөг дагаж амны хаалт зүүгээгүй, хайхрамжгүй, амиа бодсон, өөрийн эрхийг бусдын амь наснаас дээгүүр тавьдаг хүмүүс” нөхрийнх нь үхэлд буруутай гэж бичжээ.

“Дэвид өөрөөсөө хамаарах бүгдийг хийсэн ч та нар тэгсэнгүй. Та бүхэн үүнийхээ төлөө ичих ёстой. Үйлийн үрээ та нар бүгд эдлэх болно” гэж тэр захидлаа дуусгасан байна.

Амьдралынхаа цорын ганц хайрыг цагаас нь өмнө алдсандаа харамсан гашуудсан Стэси ийм хатуу үгсийг Америкчуудад хандан бичжээ.

Техас мужид өнөөдрийн байдлаар 474,000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэн нь АНУ-ын мужуудаас гуравт орох өндөр үзүүлэлт юм. Техасчууд цар тахалтай тэмцэхэд хангалттай анхаарал тавиагүй мужийн удирдагчдыг ойр дотныхоо хүмүүсийн үхэлд буруутгах явдал сүүлийн үед нэмэгдсэн нь сонин хэвлэлд нийтлэгдэж буй эмгэнэлүүдээс харагдаж байна.

Өнөөдөр АНУ даяар коронавирусийн халдварын 4.8 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 158,000 гаруй хүн нас баржээ.

 

Эх сурвалж: CNN