Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: БНХАУ-д өчигдөр COVID-19 халдварын 101 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс, орнуудын COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэв.

Дэлхий дахинд бүртгэгдэж байгаа COVID-19-ийн халдвар АНУ, Бразил, Энэтхэг улсад өндөр хэвээр байна.

АНУ-д томуугийн вакцинаа одооноос нийлүүлж эхэлжээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд АНУ-д 54,400 гаруй, Бразил улсад 48,800 гаруй, БНЭУ-д 47,700 гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

АНУ-ын холбооны засаг захиргаанаас Калифорни, Флорида, Аризона, Техас зэрэг мужид баар цэнгээний газруудыг хааж, ресторанд сууж үйлчлүүлэхийг хязгаарлан, заавал амны хаалт зүүх шаардлага хэрэгжүүлэх болсноос хойш тархалт бага зэрэг буурч, байдал арай дээрдэж байна гэж мэдээлжээ.

Тус улсад 100 мянган хүн амд 100-аас дээш тохиолдол бүртгэгдэх болон нийт хийгдсэн шинжилгээний 10-аас дээш хувь нь эерэг гарсан газруудыг улаан бүс хэмээн тодорхойлж байгаа аж.

Мөн АНУ-д 2020-2021 оны томуугийн улиралд бэлтгэж томуугийн вакциныг одооноос нийлүүлж эхэлж байна. АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс энэ жил улирлын томуу болон шинэ коронавирусийн халдвар зэрэгцэж тархах тул хоёр төрлийн халдвар авсан хүмүүс илүү хүндрэх эрсдэл байгаагаас гадна эмнэлгийн байгууллагуудад ачаалал улам нэмэгдэж дийлэхгүйд хүрэх эрсдэлтэй тул иргэд энэ жил томуугийн вакцинд заавал хамрагдах шаардлагатайг зөвлөжээ.

Номхон далайн баруун бүсийн халдварын нөхцөл

Япон улсад 598 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Тэдгээрийн дийлэнх нь буюу 397 нь Канто бүсэд бүртгэгджээ.

БНСУ-д шинээр 48 тохиолдол бүртгэгдсэн. Шинэ тохиолдлуудын 38 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 14 нь дотоодын халдвар байжээ.

БНХАУ-ын эх газарт 101 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлуудын 98 нь дотоодынх нь халдвар байсан аж. Дотоодын халдварын дийлэнх нь буюу 89 нь Шинжаан Уйгурт бүртгэгдсэн бөгөөд Мягмар гарагийн байдлаар тус бүсэд 322 тохиолдол батлагдаад байна.

Мөн эмнэл зүйн ямар нэг шинж тэмдэггүй 133 хүн эмнэлгийн хяналтад байгаа юм. Харин тус улсын Бээжин хотын Шиньфади хүнсний захын голомтоос халдвар авсан 335 хүнээс одоогоор 24 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд бусад нь эдгэрсэн.

Хонг Конгт 106 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 2,884 боллоо. Тус бүсэд уг өвчний улмаас 23 хүн эндээд байгаа юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2380160015623672

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.