Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: БНХАУ-ын хүн амын дунд өчигдөр коронавирусийн 57 тохиолдол бүртгэгджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавирусийн тархалтын талаарх мэдээллийг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа хүргэлээ.

АНУ

Долдугаар сарын 26-ны өдөр АНУ-д 65,500 гаруй тохиолдол, 969 нас баралт шинээр бүртгэгджээ. Тус улсад нийт 4,163,000 гаруй хүн уг өвчнөөр өвчилж, 145,900 гаруй хүн эндсэн.

АНУ-ын Калифорни, Техас, Аризона муж улсуудад халдвар хамгийн өндөр байгаа бөгөөд эмнэлгийн ор хүрэлцэхээргүй болж эхэлжээ.

Бразил

Бразил улсад өчигдөр 24,500 гаруй тохиолдол, 555 нас баралт нэмж бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 2,419,000 гаруйд хүрлээ. Халдвар авсан нийт хүмүүсийн 1.6 сая гаруй нь эдгэрчээ.

Япон

Номхон далайн баруун бүсийн Япон улсад өчигдөр 835 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Тус улсын нийслэл Токио хотод одоогоор 1,100 гаруй хүн COVID-19 халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Есөн сая гаруй оршин суугчтай тус хотод эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо сүүлийн сар гаруй хугацаанд тав дахин нэмэгдсэн.

Халдвар авсан тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа тул эмнэлгийн орны тоог 1,000-2,800 болгон нэмэгдүүлэхээр ажиллаж буй тухай Токио хотын засаг захиргаанаас мэдээлжээ.

БНСУ

Өмнөд Солонгост өчигдөр шинээр 25 тохиолдол бүртгэгдсэн. Тэдгээрийн 16 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол ес нь дотоодын халдвар байжээ. Мөн өдөр тус улсад халдвар авсан нэг хүн нэмж нас барсан талаар БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээллээ.

БНХАУ

Ням гарагт БНХАУ-ын эх газарт 61 тохиолдол шинээр бүртгэгдсэний дөрөв нь гадаад улсаас зөөвөрлөгдсөн бол 57 нь дотоодын халдвар байжээ.

Дотоодод бүртгэгдсэн тохиолдлуудын дийлэнх нь буюу 41 нь БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах бүс нутагт бүртгэгдсэн байна.

Шинжаан Уйгурт нийт 178 хүн халдвар авсан нь батлагдаад байгаа бол дахин 170-н шинж тэмдэггүй халдварын тохиолдлыг эмнэлгийн хяналтад байлгаж буй аж. Мөн тус бүсэд нийт 8,700 гаруй хүнийг эмнэлгийн бус тусгаарлалтад ажиглаж байна.

Хонг Конг

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конгт өчигдөр 128 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 103 дотоодын халдвар бол үлдсэн нь гаднаас зөөвөрлөгджээ.

Өнөөдрийн байдлаар Хонг Конгт нийт 2,633 тохиолдол бүртгэгдэж, 18 хүн нас барсан байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1402530590136255

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 16 | 16 цаг