Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хороолол, хотхоны дундах авто замын эвдрэлийг засах үүргийг хэн хүлээх нь тодорхойгүй байна

Г.Батзориг, Өдрийн сонин
2020 оны 7 сарын 27
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ зун хур бороо элбэг байсантай холбоотойгоор төв замууд эвдрээд зогсохгүй орон сууцны хороолол, хотхонууд дунд байх авто замууд ихээр эвдэрсэн. Эвдрэлтэй замаар зорчиж байгаа машин техникээ эвдэх, саадыг тойрч гарах шаардлагаас болж түгжрэл үүсгэх, ая тухтай аюулгүй амьдрах боломж хязгаарлагдах зэрэг хүндрэлүүд оршин суугчдад тохиолдож байна. Тэгвэл хороолол, хотхоны дундах авто замыг хэн хариуцах, засвар арчлалтыг ямар байгууллага хийх, үүнд СӨХ-ны оролцоог хэрхэн хангах зэрэг асуудлаар холбогдох газруудаас тодрууллаа.

ХОРООЛЛЫН ДУНДАХ ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТЫГ СӨХ ХАРИУЦАХГҮЙ

Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Галбадрах

-Зарим орон сууцны хороолол, хотхонуудын дундах зам их хэмжээгээр эвдэрсэн байна. Үүнийг засах үүргийг тухайн хотхоны СӨХ хүлээх үү?

-СӨХ нь тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг хариуцах үүрэгтэй. Үүнд байрны инженерийн шугам сүлжээ, цахилгаан сүлжээ, бусад эд хөрөнгө ордог.

Харин хороолол доторх авто зам, гэрэлтүүлэг дундын өмчлөлд орохгүй. Хороолол доторх авто зам Нийслэлийн авто замын хөгжлийн газарт харьяалалтай явдаг. Тэд иргэдээс автомашины татвар гэж хурааж байгаа. Тус хөрөнгөөр хороолол доторх болон төв гудамжийн дагуух авто замаа засварлах ёстой.

Хороо, дүүрэг нь байна уу, холбогдох байгууллагуудад нь оршин суугчид асуудлаа уламжлаад эвдрэлтэй замаа засаж сайжруулахаар хөөцөлдөх хэрэгтэй.

-СӨХ санаачилга гаргаад шаардлагатай засвар үйлчилгээг хийх боломжгүй юу. Төсвийн хөрөнгөөр засахыг хүлээвэл багагүй цаг алдах эрсдэлтэй?

-Тодорхой харьяалалтай эд хөрөнгө дээр СӨХ өөрөө санаачилга гаргаад засварлах боломжгүй.

Ялангуяа, авто зам гэдэг хороолол дунд байсан ч заавал Нийслэлийн авто замын хөгжлийн газар, замын цагдаагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр стандартынх нь дагуу засах ёстой байдаг. Хороолол дотор цөмөрчихсөн замыг СӨХ дур мэдэн засаж бөглөлөө гэхэд сүүлд осол гарах нөхцөл бүрдүүлсэн зэргээр эрсдэл үүсвэл яах уу.

Хэрэв засах бол мэргэжлийн байгууллагад нь хандаж зөвлөгөө авсны үндсэн дээр хийх боломжтой. Нөгөөтэйгүүр, иргэдээс зам засах мөнгө хураах нь хуулиар хориотой. Хуульд дундын өмчлөлөөс бусад зүйлд оршин суугчдаас хураасан мөнгийг зарцуулахыг хориглоно гэсэн заалт бий. Дундын өмчлөлд хороолол дундах зам орохгүй.

 -Ер нь СӨХ-ны үйл ажиллагаанд оршин суугчид шүүмжлэлтэй хандах нь түгээмэл. Иргэдээс авсан мөнгөөр юу хийгээд байна гэх хардлага ч их бий. Энэ тухайд тодруулахгүй юу?

-СӨХ бол иргэдийн нэгдлээс үүссэн олон нийтийн байгууллага. Тухайн байранд амьдарч байгаа иргэд нь өөрсдөө ажиллуулдаг хувийн байгууллага гэсэн үг.

Өөрийн гэсэн бие даасан хуультай. Хуулийн дагуу тухайн байранд амьдарч байгаа бүх гишүүдийн хурлыг зохион байгуулж, үүгээр ямар ажил хийх, хэдэн төгрөг хураалгах зэрэг шаардлагатай бүх асуудлаа хэлэлцдэг. Хоёрдугаарт, бүх гишүүдийн хурлаас сонгогдсон хяналтын зөвлөлд тухайн байрны оршин суугчид заавал байна гээд заачихсан. Тэд батлагдсан ажлаа хийж тайлангаа тавина.

Удирдах зөвлөл нь дундын өмчийн эд хөрөнгөө графикийн дагуу засаж байна уу гэх зэргээр хяналтаа тавиад явах ёстой. Тиймээс иргэд шүүмжлээд суух бус оролцоогоо хангах нь чухал.

Иргэд нь оролцоотой, идэвхтэй СӨХ сайн ажиллаад байдаг. Иргэд санаачилгатайгаар бүх гишүүдийн хуралдаа оролцож, өгч байгаа мөнгөн дээрээ хяналтаа тавьж, болохгүй бол СӨХ-оо шинэчлэн зохион байгуулах, даргаа солих бүрэн эрх нь хуулиар олгогдсон байдаг.

Улсын хэмжээнд байгаа 1300 гаруй СӨХ-ны 700 орчим нь манай дээд зөвлөлд бүртгэлтэй байдаг. Эдгээр СӨХ, оршин суугчдынхаа эрх ашгийг хамгаалан ажиллаж байна. Бид ‘‘Ухаалаг СӨХ” аппликэйшн бэлдээд зарим СӨХ-оор туршилт хийхээр судалгаа аваад явж байна. Энэ жил коронавирустэй холбоотойгоор бүх гишүүдийн хурал хойшлогдсон тул энэ ажил түр хойшлоод байгаа.

Уг аппликэйшнийг айл бүрийн гар утсан дээр суулгаад өгчихнө. Ингээд иргэд өөрийн СӨХ-ныхоо бүх үйл ажиллагааг хянаад, тайлан тооцоог нь хараад явчихна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, СӨХ-оог шилэн болгохоор ажиллаж байна.

СҮҮЛИЙН ҮЕИЙН ХОРООЛОЛ, ХОТХОНУУДЫН ДУНДАХ ЗАМЫГ МАНАЙХ ХАРИУЦАХГҮЙ

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн А.Оргилсайхан:

-Хороолол, хотхон дундах авто зам эвдэрснээс болж оршин суугчдын ая тух алдагдаж, бухимдах шалтгаан болж байна. Энэ зун бороо хур элбэг байсан нь замын эвдрэлд ихээхэн нөлөөллөө. Үүнийг танай байгууллага хариуцаж засварлах үүрэгтэй юү?

-Ер нь хорооллын авто замууд янз бүр л дээ. Нийтийн эзэмшлийн зам талбай юу, эсвэл хувийн буюу тухайн аж ахуйн нэгжийн зам талбай юу гэдгээс хамаарна. Тухайлбал, сүүлд баригдаж байгаа хороолол, хотхонууд өөрсдийнхөө эзэмшлийн зам талбайд замаа барьж байгаа бол Нийслэлийн авто замын хөгжлийн газар үүнийг хариуцахгүй.

Тухайн компани замын арчлалт болон аюулгүй байдлаа хариуцдаг. Дээр үеийн орон сууцнууд буюу улс, нийслэлийн хөрөнгөөр барьсан авто замуудын арчлалтыг Нийслэлийн авто замын хөгжлийн газар хариуцдаг. Тэгэхээр ‘аль хотхоны ямар зам бэ гэдгээс хамаарч өөр байна.

Манайхаар тухайн ажил дээр хяналт тавиулна гэсэн ойлголт байдаг. Тухайн хорооллыг барьж буй компани өөрсдөө зургаа гаргаад хяналтаа тавиад гүйцэтгэсэн ажлыг бид хүлээж авах ойлголт байхгүй. Тэгэхээр зам арчлалтаа тухайн компани хариуцна.

Зураг