Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Судалгааны шатандаа явж буй COVID-19-ийн вакцинуудын дийлэнх нь 2021 оны сүүлчээр өргөнөөр худалдаанд гарах магадлалтай"

А.Намуун, iKon.mn
2020 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: DW

ДЭМБ-аас өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр дэлхийн улс орнууд 2021 он хүртэл COVID-19-ийн эсрэг вакциныг хүлээх шаардлагатай тул хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээгээ чангатгах хэрэгтэйг анхааруулсан гэдгийг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа онцлов.

"Вакцины туршилт амжилтттай болсон ч дэлхийн хүн амд хүргэхэд удаан хугацаа шаардлагатай"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Тэрбээр хэлэхдээ "Шинэ коронавирусийн эсрэг вакцин бүтээх ажиллагаа идэвхтэй явагдаж байна. Одоогоор хэд хэдэн вакцины эмнэл зүйн гуравдугаар шатны туршилт хийгдэж байгаа ч дэлхийн улс орнууд 2021 он гартал вакциныг хүлээх шаардлага тулгарч буйг ДЭМБ-ын Онцгой байдлын хөтөлбөр хариуцсан захирал өчигдөр мэдээлсэн.

Яагаад гэвэл, вакцинууд амжилттай болбол ДЭМБ-аас аюулгүй байдлыг хангасан гэрчилгээ олгож, массаар үйлдвэрлэн дэлхийн хүн амд хүргэх хүртэл хугацаа шаардлагатай.

Тиймээс улс орнууд халдварын тархалтыг зогсоох зэрэг ажлаа улам эрчимжүүлэх шаардлагатайг ДЭМБ-аас анхааруулсан” хэмээн ярив.

"Дэлхий дахинд коронавирусийн эсрэг вакцины 140 гаруй туршилт хийгдэж буй"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ тухай ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Одоогоор дэлхий дахинд коронавирусийн эсрэг вакцины 140 гаруй  туршилт хийгдэж буй. Тэдгээрээс онцгой таван вакцин нь эмнэл зүйн нэг, хоёрдугаар шатаа амжилттай дуусгаж, гуравдугаар шатны туршилтаа эхлүүлсэн.

Судалгааны шатандаа байгаа дээрх вакцинуудын ихэнх нь 2021 оны сүүлээр худалдаанд өргөнөөр гарах магадлалтай гэж мэргэжлийнхэн үзэж байна. Манай орны хувьд уг вакцины талаар тусгайлсан судалгаа хийгээгүй” гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/206467857473582

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.