Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Баян-Өлгийд гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош PCR шинжилгээгээр үгүйсгэгдсэн"

Г.Номин, iKon.mn
2020 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах оролцож, зоонозын халдварт өвчнүүдийн талаар мэдээлэл өглөө.

Тус төв энэ долоо хоногт гэхэд зоонозын халдварт өвчний 22 дуудлага хүлээн авч, үйлчилжээ.

Тарваган тахлын талаар Н.Цогбадрах захирал "Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдол дээр мэргэжлийн баг газар дээр нь очин ажиллан, оношийг баталгаажуулсан. Нэгдүгээр хавьтлыг шуурхай тусгаарлан арга хэмжээ авч ажилласны үр дүнд халдварын голомтыг таслан зогсоож чадлаа.

Хоёр өвчтөний биеийн байдал сайжирч байгаа бөгөөд Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв болон Цэцэг сумын эмнэлэгт хэсэгчилсэн хориотой ажиллаж байна. Агаар дуслын замаар дамждаг халдварт өвчний үед амны хаалт зүүх нь халдварын эрсдлийг бууруулдаг бөгөөд Ховд аймагт гарсан халдварын үеэр эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд амны хаалт зүүж ажилласнаар хавьтлууд өвчлөлөөс сэргийлсэн.

Баян-Өлгий аймагт гарсан сэжигтэй тохиолдол дээр орон нутгийн ЗӨСТ хариу арга хэмжээ аван ажиллаж байгаа. Сорьцыг үндэсний төвд татан авч шинжилж байна. Молекул биологийн буюу PCR шинжилгээгээр онош үгүйсгэгдсэн. Гэхдээ нян судлалын шинжилгээ үргэлжилж байна.

Сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтал 18 хүн байгаа бөгөөд сумын төвөөс 125 км-т нэг багийн долоон айлын хүрээнд учир халдвар тархах эрсдэл бага. Тухайн орон нутагтаа хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоосон.

Өвчтөний биеийн байдал сайжирч, халуун буусан, хэвийн байгаа" гэдгийг мэдээллээ.

Тарваган тахлын олон голомт идэвхтэй байгаа энэ үед халдвараас сэргийлж, тарваганы мах идэхгүй байхыг ЭМЯ-аас онцгойлон анхаарууллаа.

 

Зураг
13 | 16 | 17 цаг