Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Казахстанд хязгаарлалтын дэглэмээ цуцалснаас хойших сар гаруйн хугацаанд халдварын тохиолдол тав дахин нэмэгджээ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Шинэ коронавирусийн тархалт дэлхий дахинд ямар байгаа талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэв.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд шинээр 203,000 тохиолдол, 5,000 гаруй нас баралт бүртгэгдлээ. Халдварын тоогоор АНУ, Бразил, Энэтхэг, ОХУ, Их Британи, Перу, Итали, Чили зэрэг улс тэргүүлж байна.

АНУ

Долдугаар сарын 5-ны өдөр АНУ-д 52,000 гаруй тохиолдол 271 нас баралт шинээр бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 2,841,000 гаруй болж, 129 мянган хүн эндээд байна.

Бразил

Бразил улсад өчигдөр 26,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 602 хүн нас барлаа. Тус улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо өссөн дүнгээр 1,603,000-д хүрч, 64,800 гаруй энджээ.

Бразилд халдвар авсан хүмүүсээс нийт 906,000 гаруй нь бүрэн эдгэрсэн бол одоогоор 631,000 хүн идэвхтэй халдвартай байгаа гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

БНЭУ

Зүүх Өмнөд Азийн бүсийн Энэтхэг улсад өчигдөр 24,800 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 673,000-д хүрлээ. Энэ нь халдвар анх дэгдсэн цагаас хойших тус улсад бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон.

Халдвар улам нэмэгдэж байгаатай холбоотойгоор орон нутгийн захиргаанаас Таж Махалыг хаах шийдвэр гаргажээ.

ОХУ

Европын бүсийн ОХУ-д халдвар өссөн дүнгээр 681,000 гаруй болж, 10,100-д хүрлээ.

Казахстан

Казахстан улсад анх гуравдугаар сарын 14-нд халдвар бүртгэгдсэн бөгөөд түүнээс хойш нийт 47,000 гаруй халдвар бүртгэгдэж, 240 хүн эндээд байна.

Тус улс гуравдугаар сарын сүүлээс эхлэн хатуу хөл хорио тогтоож байгаад тавдугаар сараас хязгаарлалтын арга хэмжээг цуцалж эхэлсэн. Ийм шийдвэр гаргах хүртэл тус улсад бүртгэгдсэн халдвар 8,000 гаруй байсан бол хязгаарлалтыг цуцалснаас хойш ердөө сар гаруйн хугацаанд халдвар тав дахин нэмэгдэж 47 мянгад хүрээд байна. Иймд Казахстан улс хязгаарлалтын арга хэмжээг дахин хэрэгжүүлж, үсчин гоо сайхан, фитнес, дэлгүүр зэрэг нийтийн үйлчилгээний бүх газрыг хоёр долоо хоногийн хугацаатай хаахаар болжээ.

БНСУ

Номхон далайн баруун бүсийн Солонгос улсад өчигдөр 48 тохиолдол шинээр бүртгэгдэж, нэг хүн эндлээ. Шинэ тохиолдлуудын 24 нь дотоодын халдвар бол 24 нь гаднаас зөөвөрлөгдсөн байна.

Япон

Япон улсад өчигдөр 208 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Тэдгээрийн 111 нь зөвхөн Токио хотод бүртгэгдсэн байна.

Австрали

Австралийн холбооны улсад сүүлийн 24 цагийн дотор 94 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 74 нь Виктория мужид бүртгэгдсэн байна. Тус мужид зайнаас харилцах дүрмийг мөрдүүлэхээс гадна халдвар дэгдсэн орон нутгуудад бүрэн хөл хорио тогтоогоод байгаа юм.

БНХАУ

Ням гарагт БНХАУ-д шинээр 4 тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 3 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол нэг нь Бээжин хотод бүртгэгдсэн байна.

Бээжин хотын Эрүүл мэндийн хорооны мэдээлснээр зургаадугаар сарын 11-ний өдрөөс хойш Бээжинд бүртгэгдсэн тохиолдлуудын дийлэнх нь Шинфади хүнсний захтай ойролцоо дүүргүүдэд бүртгэгдсэн байна.

Мөн нийт тохиолдлуудын 47 хувь нь дээрх захад ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байжээ. Өссөн дүнгээр 335 болсноос 11 нь эдгэрсэн байна.

Хонг Конг

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конгт өчигдөр 10 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Тэдгээрийн найм нь гаднаас зөөвөрлөгдсөн бол хоёр нь дотоодын халдвар байжээ.

Дотоодод бүртгэгдсэн тохиолдлын нэг нь нийтийн хоолны газарт, нөгөө нь хувийн клиник эмнэлэгт ажилладаг сувилагч байжээ. Тэд гадагшаа зорчсон аяллын түүхгүй гэж мэдээлсэн байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/195595041869440/?v=195595041869440

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.