Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конг: Үндэсний аюулгүй байдлын хуулиар Хятадын залхаан цээрлүүлэлтээс ганц ч сэтгүүлч мултрахгүй

ikon.mn
2020 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагаас (RSF) ардчилсан орнуудад хандаж үндэсний аюулгүй байдлын хуулиа буцаан татах хүртэл Бээжинд чадах бүхнээрээ шахалт үзүүлэхийг хичээнгүйлэн хүсч байна.

Хонг Конгийн талаар бичсэн ямар ч сэтгүүлчийг үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэрэгт буруутгах тус хуулиар Хятадын адилаар сэтгүүлчдийг бүх насаар нь хорих эсвэл цаазаар авах ял оноох эрсдэл нүүрлээд байна.

Өнгөрсөн зургаадугаар сарын 30-нд Хонг Конгт зориулсан үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг танилцуулснаараа Бээжин олон улсын хэлэлцээрээ илэрхий зөрчлөө. Ингэснээр “алан хядлага”, “салан тусгаарлалт”, “хорлон сүйтгэх үйл ажиллагаа”, “гаднын орны хөндлөнгийн оролцоо” гэсэн нэрийдлээр бүх насаар нь хорих болон цаазаар авах ял оноох юм. Энэ хууль нь сэтгүүлчид аль ч улсад байршиж буйгаас үл хамааран хэрэгжих боломжтой. Хятадад хоригдож буй 114 сэтгүүлчийн дийлэнхийг нь саатуулахдаа уг үндэслэлийг ашигласан байдаг.

Өргөн хүрээнд тайлбарлагдан ашиглагдах энэхүү зохицуулалт нь Бээжингийн хувьд Хонг Конг дахь сэтгүүлчдийг хуулийн нэрээр дарамтлах, шийтгэх хэрэгсэл болоод зогсохгүй хилийн чанад дахь мэдээний нэвтрүүлэгч, хөтлөгчдийг ч хорих ялаар айлган сүрдүүлж байгааг Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагын Зүүн Азийн товчооны захирал Седрик Алвиани хэлжээ.

Хятадын удирдлагууд Хонг Конгийн хэвлэлийн эрх чөлөөг боомилоод зогсохгүй “Дэлхийн хэвлэл мэдээллийн шинэ дэг” байгуулахаас сэргийлэх үүднээс нэн даруй арга хэмжээ авахыг Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагаас ардчилсан орнуудад хандаж уриаллаа.

Шинэ хууль нь Хятад хэл дээрээ ч Англи орчуулгатайгаа адил маш бүрхэг, давхардмал утгатай. Батлагдсан даруйдаа хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн энэ хуулиар Хонг Конгийн талаар бичсэн ямар ч сэтгүүлч тусгай захиргааны бүсэд байгаа эсэхээс үл хамааран (38-р зүйл) шийтгүүлэх бололцоотой. Шүүх ажиллагаа Хонг Конгт болсон тохиолдолд бүх насаар нь хорих ялаар шийтгэх боломжтой энэ хуульд “ялтан шилжүүлэх” талаар үг дурдаагүй ч шүүх ажиллагааг БНХАУ-д хийх боломжийг хаалгүй үлдээсэн. Хятадад бол үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг цаазаар авах хүртэл ялаар (55-р зүйл) шийтгэж байна.

Түүнчлэн хуульд зарим шүүх хурлыг хэвлэл мэдээлэл болон олон нийтийн ажиглалтгүйгээр (41-р зүйл) явуулах эрхийг олгосон. Энэхүү хуулийн үр дагаврыг жишиж тайлбарлава, цагдаа нарыг шоглосныхоо төлөө Хонг Конгийн Радио Телевиз медиа группээс хасагдаад удаагүй байгаа “Headliner” шоуны зохиолчид л гэхэд “бүх гэмт хэрэгтнийг гэсгээх” энэ хуулиар “өдөөн хатгалга” сэдсэн хэргээр яллагдах боломжтой болж байна. Мөн тусгаар тогтнолын төлөөх идэвхтнийг зочноор оролцуулсан хэлэлцүүлгийг чиглүүлснийхээ төлөө Хонг Конгоос хөөгдсөн Financial Times-ийн Азийн мэдээний редактор Виктор Маллэт л гэхэд “салан тусгаарлалт” гэсэн зүйлээр яллагдахаар байв. Мөн Хууль тогтоох зөвлөлийн барилгыг эзлэх үеийг баримтжуулсныхаа төлөө бослого гаргасан хэргээр шалгагдаж буй Ма Кай-чун, Вон Ка-Хо нар л гэхэд “алан хядлага” гэсэн зүйлээр яллагдаж болох нөхцөлийг энэ хууль бүрдүүлээд байна. 

Бээжингийн зүгээс шинэ хуулиа сахиулахын тулд Үндэсний аюулгүй байдлын товчоог (48-р зүйл) Хонг Конгт байгуулахаа төлөвлөөд байгаа бөгөөд энэ нь хэвлэл мэдээлэл болон гадаадын сурвалжлагчдын (54-р зүйл) үйл ажиллагааг цагдах юм. Мөн Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах хороо (12-р зүйл) болон нууц цагдаагийн хэлтсийг (16-р зүйл)  байгуулах ба тэдгээр нь дотоодын шүүхийн (14-р зүйл) эрх мэдлээс ангид үйл ажиллагаа явуулахаар болсон. Ингэснээр тэд сэтгүүлчид, тэдний эх сурвалжийг чөлөөтэйгөөр айлган сүрдүүлж, тагнан чагнахаар болж байна.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2002 онд 18-рт буюу Азийн хэвлэлийн эрх чөлөөний бэхлэлт болж байсан Хонг Конг нь үүнээс хойш 80-рт эрэмбэлэгдэх хүртлээ хойш ухраад байна. Харин Хятад улсын хувьд индексийн сүүлийг мушгисан хэвээр буюу дэлхийн 180 орноос 177-рт бичигдэж байгаа билээ.

 

Эх сурвалж: Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллага