Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Коронавируст халдвар нь үхэр, гахайнд нарийн гэдэсний, тахианд амьсгалын замын аюултай үрэвсэл үүсгэж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнөөдрийн ээлжит хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн оролцож, судалгааны тоймыг танилцууллаа.

Дэлхийн дахинаа COVID-19 халдвартай холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны нийт 38,302 өгүүлэл хэвлэгджээ.

Мөн дэлхий дахинд эмнэл зүйн нийт 2,405 туршилт судалгаа явагдсанаас 179 нь үр дүнд хүрсэн бол өнөөдрийн байдлаар вакцин бүтээх судалгааны 149 ажил хийгдэж байна.

Вакцин бүтээх судалгаанд дунджаар 10-15 жил шаарддаг. Эбола вирусийн үед энэ хугацааг таван жилээр богиносгосон. 

Харин коронавирусийн халдварын үед жилийн дотор буюу 2020 оны төгсгөл гэхэд шинэ вакцин бүтээгдэнэ гэж эрдэмтэд үзэж байгааг Э.Оюунсүрэн мэдээллийн эхэнд онцолсон юм.

Хлорафин эмийн туршилтыг зогсоожээ

1. ДЭМБ-ын санаачилгаар хийгдэж буй Эв санааны эмнэл зүйн туршилт судалгаагаар туршигдаж буй дөрвөн эмийн нэг болох Хлорафин эмийн туршилтыг зогсоохоор болсон.

Учир нь Франц, Их Британи улсад хийгдсэн судалгаагаар энэхүү эм нь SARS, COVID-19 вирусийн эсрэг үр дүн өгөөгүй байгаа юм.

Remdesivir эмийг хэрэглэсэн өвчтөний эдгэрэх хугацаа 31%-аар богиносжээ

2. АНУ-ын судалгааны багийн хийж буй Remdesivir эмийн судалгааны үр дүн гарч байна.

Урьдчилсан байдлаар нийт 1,063 өвчтөнг туршилтад хамруулахад эдгэрэлт 31%-аар богиноссон бөгөөд нас баралтын түвшин бага байжээ.

Хонг Конгт хийсэн хавсарсан эмийн туршилт амжилттай байна

3. Хонг Конгт хийгдсэн эмийн эмнэл зүйн туршилтаар Интерферон болон бусад 3 эмийг хавсран хэрэглэж үзжээ.

Уг туршилтад 127 өвчтөн хамрагдсан бөгөөд тэдний биеийн байдал богино хугацаанд сайжирсан үр дүн гарсан.

Халдвар авсан хүнд плазмын эмчилгээ хийх талаар үргэлжлүүлэн судална

4. АНУ-ын эрдэмтэд халдвар авсан, 65 настай, биеийн байдал нь хүнд өвчтөнд плазмын эмчилгээ хийсэн байна.

Үүний үр дүнд биеийн байдал эрс сайжирсан учир халдварын үед плазмын эмчилгээ хийх талаар цаашид үргэлжлүүлэн судлах нь зүйтэй гэж тэмдэглэжээ.

Коронавирус олон төрлийн амьтанд халдварлах боломжтойг тогтоожээ

5. Энэтхэг, Тайландын эрдэмтэд COVID-19 халдварын Зоонозын чиглэлээр хэвлэлийн тойм судалгааг хийсэн байна.

Судалгаагаар коронавирусийг олон төрлийн амьтанд халдварлах боломжтойг тогтоожээ.

Үүнд сарьсан багваахай, морь, тэмээ, үхэр, гахай, нохой, муур, мэрэгчид болон усны булга, туулай, могой болон бусад зэрлэг амьтан багтсан байна.

Түүнчлэн коронавирус амьтан бүрд өөр, өөр шинж тэмдэг, өвчлөл үүсгэж байгааг нотолсон.

Уг халдвар нь үхэр, гахайнд нарийн гэдэсний үрэвсэл үүсгэж байсан бол тахианд амьсгалын замын дээд аюултай үрэвсэл үүсгэж байжээ.

Хоёроос доош насны хүүхдэд амны хаалт зүүлгэхгүй байхыг зөвлөжээ

6. Хятад, Итали услын судлаачид гурав ба түүнээс дээш насны хүүхдүүдэд насанд нь тохирсон амны хаалтыг хэрэглүүлэх нь зүйтэй.

Харин хоёроос доош насны хүүхэд амны хаалт зүүхгүй байх хэрэгтэй гэж судалгааны үр дүнд зөвлөжээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/275362060341606/?v=275362060341606

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.