Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Дархан-Сэлэнгийн замд дундаж хурд хэмжигчтэй хяналтын камер суурилуулна"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

"Орон нутгийн замын хөдөлгөөний соёл 2020" урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг 2020 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын хэмжээнд зохион байгуулахаар холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангажээ. 

 "Яараад яахав дээ" арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нөлөөллийн ажлуудыг үе шаттай зохион байгуулахаас гадна замын худалгаанд оролцож байгаа жолооч, зорчигч нар зөв дадал, хандлага, соёл төлөвшүүлж, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, жолоочоос гадна зорчигч нарын хариуцлагыг нэмэгдүүлж бие биедээ шаардлага тавих хэлбэрээр нөлөөллийн аргаар явуулахаар төлөвлөсөн. Мөн аяны хүрээнд Дархан-Сэлэнгэ аймгийн чиглэлийн олон улсын чанартай автозамд дундаж хурд хэмжигчтэй хяналтын камер суурилуулна.

Урин дулаан, амралт зугаалгын цаг эхэлж байгаатай холбогдуулан нийслэлээс орон нутаг руу, орон нутгаас нийслэл рүү чиглэгдсэн хөдөлгөөний эрчим нэмэгддэг, энэ үед орон нутагт үйлдэгддэг зам тээврийн осол, хэрэг нэмэгддэг учир хөдөлгөөнд оролцогчид Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн ослын тоо нэмэгддэг тул энэхүү ажил арга хэмжээг дөрвөн чиглэлд хэрэгжүүлж ажиллана. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд хэлэв. Тодруулбал, 

  1. Хурд. Орон нутгийн авто замд хурд хэтрүүлэх зөрчлийг шулуун замд жолооч нар гаргадаг. Харин онхолдох хэлбэрийн осол нь дийлэнх тохиолдолд замын эргэлттэй хэсэгт хурдаа тохируулж яваагүйн улмаас гарсан байдаг. Иймд хурд тохируулаагүйгээс замын эргэлттэй хэсэгт гарч байгаа осол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор аль болох шулуун биш эргэлт тойруу замын хэсэгт хурдыг хэмжиж, хурднаас үүдэлтэй ослыг бууруулна. 
  2. Мотоцикл. Мотоциклтой хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангуулах зорилгоор улсын дугааргүй, техникийн хувьд илт бүрэн бус, оношилгоонд хамрагдаагүй, жолооч болон зорчигч хамгаалах малгай өмсөөгүй, жолоочийн хувьд мотоцикл жолоодох А ангиллын эрхийн үнэмлэхгүй зөрчлийг илрүүлэх, мотоцикл бүхий иргэдэд холбогдох дүрэм журмыг биелүүлэхгүй бол мотоцикл жолоодох боломжгүй гэдгийг ойлгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилган ажиллах. / Мотоциклтой холбоотой зам тээврийн ослын улмаас 2020 оны эхний зургаан сарын байдлаар 36 хүний амь нас хохирсон/

    Мотоциклтой осол аваар буурахгүй байгаа гол шалтгаан нь хямд үнээр Монголд зарагддагтай холбоотой. Нэг адууны үнээр мотоциклыг худалдан авч байгаа нь малчдын замбараагүй хэрэглээг үүсгэж байна. Иймд мотоциклын стандарт боловсруулахаар Зам тээврийн яам ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Хэрэв уг стандарт батлагдвал осол аваар буурах боломжтой.

  3. Хүүхэд. Орон нутгийн авто замд тээврийн хэрэгслээр зорчиж байгаа хүүхдэд нэмэгдэл хамгаалалтын суудал, хамгаалах хэрэгсэл, хамгаалах бүсийг зөв зүүлгэх, хүүхдийг нэмэгдэл хамгаалалтын суудалгүй тээвэрлэж яваа автомашины жолооч, асран хамгаалагч нарт зөв тээвэрлэхийн ач холбогдол, буруу тээвэрлэхийн хор уршгийг ойлгуулна. 
    Мөн хүүхдээ өвөр дээрээ болон бусад байдлаар тээвэрлэж буй жолоочийг зогсоож “Дараагийн удаа хүүхдээ хамгаалалтын суудалтай тээвэрлэнэ” гэсэн амлалтын хуудсыг бариулж байгаад зургийг нь дарж, Цагдаагийн байгууллагын фэйсбүүк хуудсанд нийтэлнэ.
  4. Жолооч танд тусалъя үйл ажиллагааг нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулах. Хот хоорондын авто зам дагуу байрлах байнгын болон зөөврийн хяналтын цэгүүдэд зогсоон шалгасан тээврийн хэрэгслийн шил арчигчийн шингэн нөөцлөх савыг ус болон зориулалтын шингэнээр дүүргэх ажлыг жолоочоор хийж гүйцэтгүүлнэ. Жолоочийн урд салхины шил цэвэр тунгалаг байх нь шөнийн болон бүрэнхий үед жолоочийн харах чадварыг сайжруулдаг. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/200712427922127/