Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Хурдан морь унаач хүүхэд гараан дээр ирж бүртгүүлэхдээ л масктай байгаад, гараанаас гарахдаа маскгүй байж болно"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

COVID-19 цар тахлын үед Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах түр журмын хэрэгжилтийг тус тус ханган ажиллах хүрээнд Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг хүүхдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр улс орон даяар зургаадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. 

Тэгвэл уралдааны үеэр хурдан морь унаач хүүхдүүдийн хувьд заавал амны хаалттай уралдах шаардлдагатай эсэх талаар ГБХЗХ-ийн Гэр бүл, хүүхэд хамгааллын газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргалаас тодрууллаа.

Тэрбээр "Цар тахлын үед Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх журамтай холбоотойгоор хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр, хүүхэд бүрийг онлайн болон офлайн горим дээр хурууны хээгээр бүртгэж, бүртгэлийн цахим карт олгоно. 

Уг журамд морь шүдлэж байх хооронд хүүхдийн халууныг хэмжинэ. Халууныг хэмжихдээ маскгүй хүүхдэд маск олгоно гэсэн байгаа юм. Уг журам дээр заавал маск зүү гэсэн заалт байхгүй тул уян хатан нөхцөлтэй байна.

Гэхдээ гадаа хэт халуун байгаа тохиолдолд хүүхэд маск зүүх нь эрсдэлтэй. Бид энэ талаар холбогдох байгууллага буюу Мэргэжлийн хяналтын газартай санал солилцож, ярилцана. 

Өөрөөр хэлбэл, гадаа маш халуун, бүгчим байхад морины нуруун дээр зориулалтын хувцас хэрэглэлтэй яваа хүүхэд ихээр халууцна. Тэгэхээр маск чухал уу, хувцас хэрэглэлийг бүрэн өмсгөх нь чухал уу. Маск нь мултарч ирээд морь мал нь үргээд хэдэн арваараа хүүхдүүд унаж бэртвэл яах вэ гэх зэрэг асуудал байна. 

Хүүхэд гараан дээр ирж бүртгүүлэхдээ болон төхөөрөмж дээр шалгаж байх хооронд л масктай байгаад, хашлага унаж, гараанаас гарахад маскгүй байж болно" гэв.