Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

"ОХУ-д өчигдөр коронавирусийн халдварын 7,600 тохиолдол, 95 нас баралт шинээр бүртгэгдсэн байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Шинэ коронавирусийн тархалт дэлхий дахинд ямар байгаа талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээллээ.

ДЭМБ-ын ерөнхий захирал дэлхийн хэмжээнд халдварын тархалт улам нэмэгдэж байгааг онцолж, хөл хорио хязгаарлалтын арга хэмжээнүүдийг халдварын тархалтын нөхцөлд нийцүүлэн хэрэгжүүлэхийг улс, орнуудад анхааруулжээ.

АНУ

Зургаадугаар сарын 22-ны өдөр АНУ-д 27,600 гаруй тохиолдол, 308 нас баралт шинээр бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын хэмжээнд халдвар авсан хүний тоо 2,275,000 хүрч, 119,900 хүн эндсэн гэж АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээллээ.

Шинэ халдвар болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо тогтвортойгоор буурч байгаа учир Нью-Йорк болон Вашингтонд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцлах хоёрдугаар үе шат руугаа шилжиж байна.

Харин Калифорни, Флорида, Аризона,Техас зэрэг АНУ-ын баруун болон өмнөд хэсгийн 29 муж улсад шинэ халдварын долоо хоногийн дундаж үзүүлэлтүүд өссөөр байгаа юм. Техас муж улсад гэхэд л зургаадугаар сарын 19-нөөс хойш COVID-19 халдварын шалтгаант нас баралт 10 хувиар, Калифорни болон Флоридод тус тус 8 хувиар өсөөд байна.

Бразил

Бразил улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21,400 тохиолдол, 654 нас баралт нэмж бүртгэгджээ.

Ингэснээр тус улсын батлагдсан халдварын тохиолдол өссөн дүнгээр 1,106,000 болж, 51,270 хүн уг өвчний улмаас нас бараад байна.

ОХУ

ОХУ-д өчигдөр 7,600 тохиолдол, 95 нас баралт шинээр бүртгэгдлээ.

ХБНГУ

Европын бүсийн ХБНГУ-д өчигдөр шинээр 537 тохиолдол, гурван нас баралт бүртгэгдсэн байна. Ингэснээр тус улсын нийт халдвар авсан хүний тоо 190,350-д хүрсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ.

БНСУ

Номхон далайн баруун бүсийн БНСУ-д өчигдөр 46 шинэ тохиолдол, нэг нас баралт нэмж бүртгэдлээ. Шинэ тохиолдлуудын 16 нь дотоодын халдвар байсан бол 30 нь гаднаас зөөвөрлөгдсөн байна. Зөөвөрлөгдсөн тохиолдлуудын 16 нь Бусаны боомтод зогссон ОХУ-ын хөлөг онгоцны ажилчид байсан аж.

21 хүний баг бүрэлдэхүүнтэй уг усан онгоцны 16 ажилтанд ийнхүү халдвар илэрсэн бөгөөд тэдэнтэй Бусаны боомт дээр хавьтал болсон 160 гаруй хүнийг хайж судалж байгаа юм.

БНСУ-д халдвар анх дэгдсэн цагаас хойш нийт 1,471 тохиолдол гаднаас зөөвөрлөгдсөн бөгөөд ялангуяа сүүлийн саруудад тогтвортой нэмэгдэж байна. Тэр дундаа Пакистан, Бангладеш улсаас ирэх зорчигчдын дундаас халдвар олноор илэрч байгаа тул дээрх улсуудаас ирэх зорчигчдын нэвтрэх визийг цуцалж, нислэгийн тоог цөөрүүлэх арга хэмжээг авч эхэллээ.

БНСУ-д өчигдөр бүртгэгдсэн дотоодын халдварын тохиолдлуудын 11 нь Сөүл орчмын бүсэд байсан бол 4 нь Тэжонь хотод бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар тус улсын хэмжээнд 281 хүн COVID-19-ийн улмаас нас бараад байгаа аж.

Япон

Япон улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 56 шинэ тохиолдол батлагджээ. Үүний 49 нь дотоодын халдвар бол 7 нь гаднаас зөөвөрлөгджээ.

БНХАУ

Даваа гарагт БНХАУ-д 22 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлуудын 13 нь дотоодын халдвар бөгөөд 9 нь гаднаас зөөвөрлөгджээ. Түүнчлэн тус өдөр шинж тэмдэггүй долоон тохиолдол бүртгэгдсэн гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээллээ.

Зургаадугаар сарын 11-ний өдөр батлагдан Шинфади хүнсний захын голомтоос эх уурхайтай тохиолдлын тоо 249 болжээ.

Хонг-Конг

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг-Конгт өчигдөр гаднаас зөөвөрлөгдсөн 30 шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар Хонг-Конгийн Эрүүлийн хамгаалах төвөөс мэдээллээ. 1-61 насны 15 эрэгтэй, 15 эмэгтэй хүнд халдвар илэрсэн бөгөөд бүгд халдварын нууц үедээ аялж байсан аж.

Өнөөдрийн байдлаар Хонг-Конгийн батлагдсан тохиолдлын тоо 1,161 болжээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/260995662009847/?v=260995662009847

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 16 | 17 цаг