Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Сүнчонхянь их сургууль 24 цагийн номын сан, лабораторийн өрөөнүүдээрээ ШУТИС-ийн МХТС-аас ялгаатай санагдсан"

ikon.mn
2020 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Монголын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, БНСУ-ын Сүнчонхяны их сургуультай хамтран бакалаврын шатны мэдээллийн аюулгүй байдлын 2+2 хөтөлбөрийг 2014 онд хэрэгжүүлж, 2017 оны намар анхны оюутнууд суралцахаар явж байжээ. 

Үүнээс хойш тус сургуулийн 16 оюутан уг хөтөлбөрт хамрагдан БНСУ-д сурч байна.

2020 оны хоёрдугаар сард Сүнчонхяны их сургууль дээр анхны 6 оюутан бакалаврын дипломоо амжилтай хамгаалжээ. Эдгээр 6 оюутнаас хоёр нь Сүнонхяны их сургуульд, хоёр нь Солонгосын бусад их дээд сургуулиудад магистрын сургалтанд хамаарагдахаар өргөдөлөө өгөөд байгаа. Мөн нэг оюутан Монголд Хаан банкинд мэдээллийн аюулгүй байдлын инженерээр, нөгөө нь ажил хайж байгаа тухай ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн/МХТС/-ийн Мэдээллийн Сүлжээ Аюулгүй Байдлын Салбарын эрхлэгч доктор дэд профессор Я.Дашдорж ярьсан юм.

Хэрвээ хэн нэгэн хуулж байвал хажуу дахь оюутан нь шууд багшид мэдэгддэг

Монголын ШУТИС, Солонгосын Сүнчонхянь (Soonchunhyang University) их сургуулийг 2+2 бакалаврын хөтөлбөрөөр онц дипломтой төгссөн Батзоригийн Мөнхдэлгэрэхтэй товч ярилцлаа.

- 2+2 хөтөлбөрийн давуу талыг юу гэж ойлгож байна?

- 2+2 хөтөлбөрөөр сурахын давуу талуудаас дурдвал юун түрүүнд солонгос хэлний мэдлэгийг эзэмших. Солонгос хэл дээр хичээл үзэж ойлгох болон мэргэжлийн хичээлийн шалгалтаа өгөхөд зайлшгүй хэрэгтэй юм. Хамгийн том давуу тал нь мэргэжлийн оюутны клубүүд их байдаг. Солонгост багш болгон өөрсдийн лабораторитай байдаг ба тэрний нэрэн доорх оюутны клуб мөн байдаг.

Миний хувьд Сүнчонхянь их сургуульд суралцахдаа Securityfirst ( Link ) гэх оюутны клубт явдаг байсан. Тэнд хичээл дээр заасан болон хичээлээс гадуурх зүйлсийг судлаад долоо хоног бүр семинар хийж хоорондоо мэдээллээ хуваалцдаг. Клубт анх ороход суурь мэдлэгийн шалгалт алгоритмын бодлого, кали линуксийн (kalilinux) ерөнхий мэдлэг, вэбийн ерөнхий суурь мэдлэгийг шалгасан шалгалт авдаг ба хэрвээ тэнцвэл клубийн үндсэн гишүүнээр элсэх, тэнцээгүй тохиолдолд нэг семистрийн турш суурь мэдлэгийн хичээлд сууж шалгалт өгч үндсэн гишүүнээр элсэж ордог.

Клубийн үндсэн гишүүд бүр reversing, web, pwnable, forensic гэсэн дөрвөн багийн аль нэгт хамрагдаг бөгөөд долоо хоног бүр судалж буй зүйлийнхээ талаар пипити (power point slide) бэлдэж илтгэл тавьдаг. Мөн оюутны клубийн өрөө тусдаа байдаг, тэнд мэдэхгүй, чадахгүй зүйлээ асууж хамт хичээл хийх мөн мэргэжлийн номуудыг хүртэл ашиглах боломжтой байдаг. Зун, өвлийн амралтаар өөрийн хийхийг хүссэн төсөл байвал амралтаараа клубийн өрөөнд клубийн гишүүдтэй хамт хичээл хийж болдог ба тэнд дээд курсийнхэн болон төгссөн оюутнууд ч мөн ирдэг учир амралтаа илүү үр бүтээлтэй өнгөрөөх боломж олгодог.

- Суралцах орчин нь ШУТИС-ийн МХТС-тай харьцуулахад ямар байсан бол?

- Сүнчонхянь их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиуд, судалгааны хүрээлэнгүүд нь тус тусдаа нэг  нэг томоохон кампус (campus) дотор байдаг учир их тухтай санагдсан. Дотуур байрнаасаа номын сан, сургууль гэх мэт сурахад хэрэгцээтэй бүхий л зүйл хоорондоо ойрхон байсан. ШУТИС-ийн МХТС-тай харьцуулахад 24 цагаар ажилладаг номын сан болон лаборторийн өрөөнүүд байдгаараа Сүнчонхянь их сургууль ялгаатай санагдсан.

Хичээл дүгнэх арга барил нь их өөр. Солонгост нэг хичээлийг судалж буй нийт хүүхдийн 30% нь л А үнэлгээ авах боломжтой. Жишээ нь: нэг хичээлийг 100 хүүхэд үзэж байлаа гэж үзье. Тэд нарын 40 оюутан нь А үнэлгээний болзол хангасан байв. Гэсэн хэдий ч тэдгээр оюутнуудын зөвхөн 30 нь А үнэлгээ авах боломжтой. Энэ нь оюутан ямар үнэлгээ авсан нь чухал бус ангиас хэд дүгээрт жагсаж байгаа вэ гэдэг нь чухалд тооцогдоно. Ингэснээр шалгалтын үеэр хуулна гэсэн ойлголт байхгүй. Хэрвээ хэн нэгэн хуулж байвал хажуу дахь оюутан нь шууд багшид мэдэгддэг.

Багш нарын хувьд ч багш өөрсдийн заах ёстой юмыг заагаад л гараад явчихдаг болохоор оюутнууд бие дааж сурах нь түгээмэл байдаг.

- Ном сурах бичгийн хангамжийн тухайд?

- Мэргэжлийн хичээлүүд дээр ашиглагддаг ном материал бүгд солонгос хэл дээр мөн англи хэл дээр худалдаанд зарагдаж байдаг. Солонгос хувилбар нь үнэтэй байдаг боловч англи хэл дээрх е-ном нь интернетээс хайвал үнэгүй олддог байсан болохоор их амар санагдсан. Монголд сурч байхдаа багш нар хичээлтэй холбоотой ном сурах бичиг нь ихэвчлэн англи хэл дээр байсан болохоор солонгосд сурч байхдаа англи хэл дээр ном, судалгааны материал уншихад асуудал бага байсан.

- Онол, практикийг хэр хослуулж байв?

- Солонгост анги дээшлэх тусам практик нь багасаж онол илүү ордог. Долоо хоногийн 2 пар хичээл буюу гурван цагийн хичээлийг багш орж ирээд зөвхөн онол талаас нь заадаг. Практикийг бол хувь хувьдаа туршиж үзэх юмуу оюутнууд клубууд дээр илүү дэлгэрэнгүйгээр суралцаж болдог. 

- Солонгос хэлээр лекц семинар, лаборатори ажил хийхэд бэрхшээл гарч байсан уу?

- Мэдээж их бага хэмжээгээр хэлний бэрхшээл гардаг. Тэр үед би хичээл дууссаны дараа багшаас очиж өөрийнхөө аль хэсгийг ойлгоогүйг асуухад багш нар маш нээлттэйгээр дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг. Хэрвээ багш завгүй байх тохиолдолд клубийнхнээсээ асууж мөн болно. Securityfirst клубд маань курс харгалзахгүй мундаг оюутнууд их байдаг байсан ба нас ойролцоо учир миний хувьд оюутны клубийнхаа оюутнуудаас асуух нь илүү амар байдаг.

- Солонгос соёл Монгол соёлын ялгаа их байсан уу? Эсвэл үнэхээр глобальчлалд Солонгос улс их орсон юм болов уу?

- Солонгосд очоод юун түрүүнд мэдрэгдсэн соёлын ялгаа бол нэг насны зөрүүтэй л бол ах, эсвэл эгчээ хэмээн хүндэтгэлийн яриагаар ярих ёстой байдаг. Гэхдээ энэхүү зөрүү нь би тэнд гадаад оюутан байсан учир нэг их мэдрэгдээгүй.

- Монголын боловсролын тогтолцоог яаж өөрчилмөөр санагдаж байна вэ?

- Багш нартаа илүү хөрөнгө оруулалт хиймээр санагдсан. Багш нар сайн байж сурагч бид нар сайн болно гэж боддог. Солонгост хөрөнгө оруулалт нь их сайн юм шиг санагдсан.

- Монгол оюутан Солонгос оюутнаас ялгарах давуу тал байсан уу?

- Монголд сурч байхдаа багш нар англи сурах бичиг ашиглуулдаг байсан учир солонгос оюутнуудаас ялгарах нэг томоохон давуу тал нь англи хэлний мэдлэг байсан. Мэдээж англи хэлдээ сайн солонгос оюутан байсан боловч нийтэд нь авч үзвэл англи хэлний мэдлэгээр манай Монгол оюутнууд илүү байсан. Тэгэхээр солонгос оюутнууд асуудлаа шийдвэрлэхийн тулд солонгос материалаас л хайдаг бол Монгол оюутнууд маань солонгос, англи, монгол хэл гэсэн гурван хэлээр хайж дүгнэлт хийж ямарваа нэгэн даалгавар өгөхөд илүү харьцуулалт сайтай үр дүн үзүүлж байсан.

-Ярилцсанд баярлалаа

 

Мэдээлэл бэлтгэсэн: ШУТИС-ийн МХТС-ийн Мэдээллийн Сүлжээ Аюулгүй Байдлын Салбар