Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Базардорж: Монгол, Өмнөд Монголын цар тахлын нөхцөл байдалд төсөөтэй зүйлс цөөнгүй

Өдрийн сонин
2020 оны 6 сарын 15
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: http://participation.cityhall.gov.mn/2015/10/1945x20.html

БНХАУ-ын ӨМӨЗО-ны өнөөгийн нөхцөл байдал тэр дундаа цар тахлын нөхцөл байдлын талаар ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач, доктор Д.Базардоржтой ярилцлаа.

-Манай Өмнөд Монгол судлалын түүх, өнөөгийн байдлын талаар уншигчдад товч сонирхуулна уу. Таныг хувь судлаачийнхаа хувьд энэ судалгаатай холбогдсон түүхийг сонирхвол?

-Манай ахмад үеийн эрдэмтэд Өмнөд Монголын асуудлаар чамлахааргүй судалгаа хийсэн.

Тэр судалгааны суурин дээр бид цааш хөгжүүлэх ёстой л доо. Гэтэл өнөөгийн байдлаар манай улсад Өмнөд Монгол судлал тун чамлалттай, өмнөх судалгаануудынхаа түвшингээс ахиж чадаагүй зогсчихсон, гацчихсан байдалтай байна.

Бид төрт улс болон оршин тогтнож байгаагийн хувьд хилийн чанад дахь монгол угсаатны асуудлаар дагнасан судалгааны бүтцийг ажиллуулж, Өмнөд Монгол судлалыг өндөр түвшинд хөгжүүлж, төр засаг хийгээд ард иргэддээ судалгааны үр дүнгээ танилцуулж явах түүхэн үүрэгтэй хэмээн өөрсдийгөө ухамсарлах ёстой.

Гэтэл дагнасан судалгааны байгууллага байгуулах байтугай үйл ажиллагааны чиглэлээрээ холбогдох хүрээлэнгүүдэд нэгж, салбар ч алга. Тэр ч бүү хэл энэ чиглэлээр ажиллаж байгаа ч хүн алга. Бид хөрш улсынхаа Монгол угсаатнаар цөм болгосон асуудлыг ийнхүү орхигдуулаад, үл хайхраад байгаа нь тун харамсалтай.

Эсрэгээрээ Өмнөд Монголд Монгол Улс судлал эрчимтэй өрнөж, энэ чиглэлээр дагнасан судалгааны байгууллага, холбоод ажиллаж, олон арван эрдэмтдийг эгнээ хүрээндээ багтааж байна.

Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын дэд бүтцийн салбарын төсөл хөтөлбөрүүдийн дийлэнх нь ӨМӨЗО-той хийгдэнэ.

Би ӨМИС-д түүхийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан анхны Монгол улсын иргэдийн нэг л дээ. Тухайн үеэс л Өмнөд Монголын асуудлыг илүүтэй сонирхон харах болсон. Гэхдээ энэ чиглэлээр судалгааны ажлыг нарийвчлан эхлүүлээгүй л явна. Таны асуултад нэг тодруулга хиймээр санагдлаа.

Өмнөд Монгол тээд ерөнхийлөн ярихаар манайхны бодолд хамгийн түрүүнд өмнөд монголчууд хэмээх бидний мах цусны тасархай хэл, соёл нэгт угсаатны тухай бодол хамгийн түрүүнд төрдөг. Гэтэл Өмнөд Монголчууд бол энэ ойлголтын нэг хэсэг нь л дээ. Гэхдээ мэдээж гол нь яагаад ингэж хэлэв гэхээр үүнтэй зэрэгцэн ӨМӨЗО гэх БНХАУ-ын засаг захиргаа буюу орон судлалын асуудал яригдана гэсэн үг.

Энэ нь зөвхөн өмнөд монголчууд биш тэднээс хавьгүй олон тоотой хятад, мөн манж, хотон зэрэг өөр бусад үндэстэн хамтран аж төрж буй субъектийн асуудал болж агуулга багтаамж нь өргөсөх юм л даа. Ийм болохоор таны асуултад хариулахын тулд би яг алиныг нь ярих вэ гэсэн бас нэгэн давхар асуулттай тулгарч байна гэсэн үг.

-Бидний дунд “мэддэг хэр нь мэддэггүй...” гэж хэллэг байдаг. Үүнийг сая таны хэлсэнчлэн хоёр ойлголтын хүрээнд онцолбол та юуг нэрлэх вэ?

-Түүхэн явцад монголчууд бид хил дамнасан угсаатан болжээ. Хилийн цаана биднээс хавьгүй олон монголчууд өөрсдийнхөө үндсэн нутаг дээр боловч өөр төрийн харьяанд засаг захиргааны бие даасан нэгж болон Орос, Хятадад аж төрж буй. Ингэж бутарсан үндэстэн дэлхий ертөнцөд тун ховор. БНХАУ-д л гэхэд зургаан сая давсан монголчууд байдгийн дийлэнх нь буюу дөрвөн сая илүү нь ӨМӨЗО-нд аж төрж, Хятадын ч тэр  ер нь хилийн чанад дахь монголчуудын гол цөм болж байна.

Нөгөө талаар үндэсний бичиг үсэг, хэл соёл, үндэсний ухамсрын хувьд Хятад дахь монголчууд Орос дахь монголчуудаас хамаагүй давуу. Монголоор ярьж чаддаггүй өмнөд монгол хүнтэй таарч байв уу гэж асуувал тун цөөн тохиолдол хэлэх байх. Өмнөд Монголчууд тооны хувьд ч, соёлоо хадгалж үлдсэн чанарын хувьд ч давуу байдалтай байгаа юм.

Харин ӨМӨЗО нь Хятадын нэгэн мужийн статустай болов ч улс төрийн харилцаанаас бусад бүх салбарт Монгол-Хятадын харилцааны гүүр болон оршиж байна. Монгол-Хятадын харилцаа өнөөдөр тун таатай цаг үед эрчимтэй хөгжиж байгааг хэн хүнгүй л дурддаг. Энэ харилцааг багахан задалж харах юм бол ӨМӨЗО-ны хоёр улсын харилцаанд гүйцэтгэж байгаа үүрэг нөлөө тод харагдана л даа.

Монгол Улс Хятадтай 4,700 гаруй км хилийн шугамаар залгалдаж байдгийн 3,200 км нь ӨМӨЗО-той хиллэж байна. Хоёр улсын хилийн дагуу 13 газарт 14 боомт ажиллаж байгаагийн 10 нь ӨМӨЗО-той хиллэх хил дээр байна.

Манай талаас Эрээн, Гашуунсухайт, Баянхошуу, Бичигт зэрэг экспортын гол боомтууд цөм энэ хэсэгт буй гэсэн үг. Тус ӨЗО нь эдийн засгийн багтаамжийн хувьд манай улсаас 18 дахин их, хун амын тоогоор найм дахин их байна. Хятадтай хийж байгаа Монгол улсын худалдааны 60 гаруй хувь нь ӨМӨЗО-той хийгдэнэ. Хятадаас манайд орж ирж буй хөрөнгө оруулалтын 30 хувийг дан ганц ӨМӨЗО-ныхон эзэлж байна.

Хятадаас ирж буй жуулчдын дунд ӨМӨЗО-ныхон жинтэй хувь эзэлнэ. Монгол Улсад суралцах хятадын харьяатуудын дийлэнх нь өмнөд монголчууд, Хятадад суралцах монгол оюутнуудын хамгийн том төв нь ӨМӨЗО гэх зэргээр худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, аялал жуулчлал, боловсрол нийгмийн салбарын харилцааны гол цөм нь ӨМӨЗО-той шууд хамаатай юм.

Сүүлийн үед манай хөгжилд шууд нөлөөлөх том төсөл бодлогууд хүртэл ӨМӨЗО-той холбоотой. Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын дэд бүтцийн салбарын төсөл хөтөлбөрүүдийн дийлэнх нь ӨМӨЗО-той хийгдэнэ.

Манай улсын зүүн хойд Азид хандах Түмэн гол санаачилга зэрэг нь зайлшгүй ӨМӨЗО-той л бас хамаарна. Ингээд тоочоод харахад Монгол улсаас Хятадын харилцах харилцаанд ӨМӨЗО нь жинтэй байр суурь эзэлж, Хятадын талын өнгө төрхийг бараг тодорхойлоод байгаа юм л даа. Ийм болохоор л Монгол-Хятадын харилцааны асуудалд ӨМӨЗО-ныг орхигдуулж яагаад ч болохгүй, тийш чиглэсэн судалгааг эрчимжүүлэх шаардлагатай болж байгаа юм.

-Аливаа улсын гадаад бодлого хэрэгжих олон арга хэлбэр байдаг гэдэг. Манай улсын хувьд “Зөөлөн хүч”-ний гэж нэрлэж болохуйц хил залгаа болон үндэс угсаа нэгт ахан дүүст чиглэсэн бодлого гэж байна уу, байвал ямар түвшинд байна вэ. Тухайлан Өмнөд Монголын хувьд?

-Зөөлөн хүчний бодлого бол зөвхөн их гүрнүүдийн тоглоом гэж олон судлаач үзээд байдаг. Би үүнтэй санал нийлэхгүй.

Монгол бол маш өвөрмөц, хил дамнасан үндэстэн гэдгийг дээр хэлсэн. Ийм үндэстний гол цөм нь бүрэн эрхт тусгаар Монгол Улс мөн. Ийм түүхэн өгөгдөлтэй улсад их багын хэмжээнээс үл хамааран элэг нэгт ахан дүүс рүү хандсан бодлого байх ёстой.

Харамсалтай нь өнөөдөр манайд гадаад бодлогын үзэл баримтлал зэрэгт ганц нэгэн өгүүлбэр төдий агуулга тусгагдсан байдгаас биш яг бодитоор хэрэгжүүлж байгаа бодлогын бодит илрэл жишээг би дурдаж чадахгүй. Харин харилцааны явцад хар аяндаа илэрч байгаа зөөлөн хүчний илрэлийн хамгийн тод жишээ нь манай улсын урлагийн хөгжлийн түвшин хийгээд язгуур түүх соёлын нөлөөлөл юм.

Хар аяндаа үүссэн харилцааны явцад манай улс зөөлөн хүчний нөлөөг хүргэх гэснээсээ илүүтэй өөрийн улс орны өнгө төрхийг унагасан сөрөг дүр төрхийг бүтээгээд байгаа нь давамгайлж байна.

ӨМӨЗО дахь нийт илрэлийн 70 орчим хувь нь гадаад улсаас зөөвөрлөгдсөн байна.

Монгол улс бол хоцрогдсон, жижиг, замбараагүй, итгэл даахгүй зэрэг олон сөрөг үзэгдэл Өмнөд Монголчуудын дунд бүрдэж байгаа нь бодитой л үзэгдэл шүү дээ. Тийм болохоор төрөөс зөөлөн хүчний бодлогыг системтэй хэрэгжүүлж чаддаггүй юм аа гэхэд ядаж зарим элемент дээр цаг тухайд нь зайлшгүй анхаарч, зохицуулах шаардлагатай.

Хамгийн наад захын жишээ гэхэд Монголд нэвтрэх визийн асуудалд хөнгөлөлт үзүүлж, монгол угсаатны аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлж болно.

Мөн Монголд ирж суралцахыг нь дэмжих хэрэгтэй. Төлбөргүй болгож чаддаггүй юм гэхэд бусад гадаад улсын иргэдтэй адил өндөр сургалтын төлбөр шаарддаг нөхцөлөө хөнгөлөх хэрэгтэй. Боловсролоос дамжуулж ард иргэдээ тэдэнд хандах эерүү зөөлөн, дотно хандлагатай болгон төлөвшүүлэх хэрэгтэй. Энэ мэт зүйл бол шийдэж ядах, хөрөнгө санхүүг ихээр шавхах асуудал огтхон ч биш, гагцхүү сэтгэл зүтгэлээс л шалтгаална.

Бага гэлтгүй нөхцөл байдалд нийцүүлэн төрөөс зохицуулалтыг цаг тухайд нь энэ мэт хийгээд явбал маш том бодлого чинь тэр болно шүү дээ. Энэ бүхнийг Хятад улстай тогтоосон хариЛцааны хэм хэмжээний хүрээ заагт тултал ашиглах ёстой л гэж харж байна.

-Өнөөгийн дэлхий дахинд нүүрлээд байгаа цар тахлын түүх, нөхцөл байдлыг Хятадаас салгаж ойлгох боломжгүй гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Харин Өмнөд Монгол орон, өвөрлөгч ахан дүүсийн маань тухайд нөхцөл байдал ямар байгаа талаар судлаачийн үгийг сонирхож байна?

-Хятад улс дотооддоо цар тахлыг хяналтдаа авч чадсан ч энэ тахлын урхаг арилах болоогүй байна, ялангуяа Хятадын эдийн засагт асар том сорилт болж байна. ӨМӨЗО-ны ДНБ 5.8 хувиар унасан. Бараг бүхий л салбар уналттай байгаагаас аж үйлдвэрийн салбар илүүтэй өртсөн бөгөөд уналт 12.1 хувьтай байна.

Нийгмийн хэвийн үйл ажиллагаа тасалдсан. Сургууль боловсролын байгууллагууд бүрэн хаагдсан байгаад хэвийн байдал руу аажмаар шат дараатай шилжиж байна. Хятадын бүхий л муж, өөртөө засах орнуудад цар тахал тархсан. ӨМӨЗО халдвар тархсан тохиолдлоор Хятадын хэмжээнд нэлээд хойгуур жагсах боловч цөөн тоот үндэстний ӨЗО-нууд дотроо тэргүүлж байгаа муу үзүүлэлттэй байна.

ӨМӨЗО-ны бүхий л аймаг хотуудад цар тахал илэрсэн. Нийт 235 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 226 нь эдгэсэн, нэг  хүн нас барсан, найман хүн эмнүүлж байна. Тэнд ганц ч монгол хүн өвчлөөгүй нь их сонирхолтой.

 

Мөн тус оронд уг тахал голомтлон тархсангүй, дандаа гаднаас зөөвөрлөгдөн иржээ. Гаднаас зөөвөрлөгдөн ирсэн гэдгийг хоёр чиглэлээр ойлгох хэрэгтэй болно. Эхнийх нь Хятадын бусад мужуудаас, нөгөөх нь гадаад улсаас гэсэн утга л даа. Хятадын бусад мужуудаас орж ирсэн тохиолдлоос нэг хүн нас барж, үлдсэнийг нь эмчилж дуусгажээ.

Бээжингийн олон улсын нисэх буудал хорио цээрийн дэглэмд шилжиж, гадаадаас ирэгсдийг тусгаарлах ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбогдуулан ачааллаа ойр хавийн нисэх буудлуудад шилжүүлсэн байна.

Хөх хотын Цагаан суварга олон улсын нисэх буудалд гурван сарын сүүлээр энэ хуваарилалтын тодорхой хувь нь шилжжээ. Бээжинг зорьсон гадаадаас ирэгсэд Хөх хотод газардаж шинжилгээ, хорио цээрийг Хөх хотод өнгөрөөж, илрэлгүй бол Бээжинд хурдны галт тэргээр хүрэх зохицуулалт юм. Иймээс Өмнөд Монголд уг тахал зөөвөрлөгдөх тохиолдол эрс нэмэгдсэн. Үүнийг хоёр дахь дэгдэлт гэж л үзэж болох юм. Ийм замаар 158 хүнээс уг өвчний вирус илэрчээ.

Одоо 150 хүн нь нэгэнт эдгэрч эмнэлэг, хяналтаас гарсан бол найман хүн эмчлүүлж байна. Тэгэхлээр ӨМӨЗО дахь нийт илрэлийн 70 орчим хувь нь гадаад улсаас зөөвөрлөгдсөн байна. Үүний 108 нь Оросоос, бусад нь Америк, Европын орнуудаас ирэгсдээс илэрчээ.

Дотооддоо цар тахлыг алдаагүй, гаднаас зөөвөрлөгдөн ирсний ихэнх нь Оросоос ирсэн, илрэлийн тоо ойролцоо зэрэг талаараа манай нөхцөл байдалтай адил юм уу даа.

 

Ярилцсан: Ж.Номин-Эрдэнэ

Зураг
Зураг
13 | 12 | 12 цаг