Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Франц улсад сурч, ажиллаж байгаа монголчууд ХӨСҮТ-д 5.7 мянган евро хандивлалаа

А.Намуун, iKon.mn
2020 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Франц улсад ажиллаж, сурч, амьдарч буй монголчуудын төлөөлөл "Сэтгэлийн өргөл" аяны хүрээнд цуглуулсан 5,720 евро буюу 18.3 сая төгрөгийн хандивыг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд гардуулж өглөө. 

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй энэ үед хоёр орны харилцааг улам өргөжүүлэх зорилго бүхий "Умардын монголчууд" ТББ нь шинэ коронавирусийн цар тахал дэлхийн улс орнуудад тархаад буй энэ хүнд үед өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж, олон монгол иргэнээ эмчлэн эдгээж байгаа ХӨСҮТ-ийн хамт олонд сэтгэлийн дэм болохоор ийнхүү хандивын арга хэмжээг зохион байгуулсан юм. 

Хандивын мөнгийг шилэн байдлаар цуглуулж, Монгол руу шилжүүлэхэд Франц улс дахь ЭСЯ-ны хамт олон тусалсан бөгөөд тус ТББ-ын төлөөлөл болох МУИС-ийн багш Б.Алтангүл болон Д.Ундрах нар ийнхүү ХӨСҮТ-д хүлээлгэн өглөө.

Шинэ коронавирусийн халдварыг иргэдийнхээ дунд алдуулахгүй тулд, өвдсөн иргэдээ эмчлэхийн тулд цаг нар, нойр хойлоо умартан ажиллаж байгаа эмч нартаа талархал илэрхийлсэн юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.