Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дээд шүүхийн шийдвэрээр Бразилын засгийн газар коронавирусийн бүрэн тоо баримтаа дахин зарлаж эхлэв

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар

Өнгөрсөн долоо хоногт Бразил улсын засгийн газар тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол, нас баралтын тоо баримтыг нийтэд зарлахаа зогсоосон юм.

Зөвхөн сүүлийн 24 цагт шинээр нэмэгдсэн тохиолдлуудыг эрүүл мэндийн яамны вэбсайтдаа мэдээлж эхэлжээ.

Харин Бразилын дээд шүүх засгийн газрынхаа уг шийдвэрийг шалгаад буруутгасан дүгнэлт гаргасан тул Мягмар гарагаас эхлэн бүрэн тоо баримтыг дахин зарлаж эхэлсэн байна.

Коронавирусийн цар тахлын хор хөнөөлийг үгүйсгэдгээрээ алдартай тус улсын ерөнхийлөгч Жайр Болсонару халдварын болон нас баралтын нийлбэр тоо нь одоогийн нөхцөл байдлыг илэрхийлэхгүй гэсэн үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргаж байжээ.

Мягмар гарагийн байдлаар Бразил улсад халдварын нийт 739,503 тохиолдол бүртгэгдэж, 38,406 хүн нас бараад байна. Халдварын батлагдсан тоо нь дэлхийд зөвхөн АНУ-ын дараа орох, нас баралтын тоо нь АНУ, Их Британийн дараа гуравт орох өндөр үзүүлэлт юм.

Өчигдөр тус улсын ерөнхийлөгч Болсонару цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хариуцлагагүй байдлаас болсон гэж мэдэгдээд Бразил улсыг гишүүнчлэлээс нь гаргах санаа цухуйлгажээ.

Одоогоор АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ийм шийдвэр гаргаад байгаа. Болсонару нь Трампын улс төрийн үзэл баримтлалыг дэмждэгээ нуудаггүй бөгөөд хэвлэлүүд түүнийг “халуун бүсийн Трамп” гэж хочилдог юм.

 

Эх сурвалж: Reuters