Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

"СЗХ-ноос үл хөдлөх хөрөнгө зуучлалын 61 компани зөвшөөрөл аваад, үйл ажиллагаагаа явуулж байна"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ФАТФ-аас гарсан тайлангийн үр дүнг танилцуулах үеэр үнэт чулуу, үнэт металлын арилжаа болон үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбартай холбоотой мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан өглөө. 

Тэрбээр "Санхүүгийн зохицуулах хороо нь ФАТФ-аас гишүүн улс, орнуудын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн 40 зөвлөмжийн 25-д нь шууд буюу шууд бус хамааралтай байсан. Зөвлөмжийн хүрээнд хорооны хувьд сүүлийн жил гаруйн хугацаанд хамтын ажиллагааны 17 байгууллагатай хамтарч ажиллалаа.  

Өөрөөр хэлбэл, 40 зөвлөмжөөс зөвлөмж-14 буюу мөнгөн гуйвуулга, зөвлөмж-28 буюу санхүүгийн бус мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэгчдийг хяналт зохицуулалтдаа авах зайлшгүй шаардлагатай байна гэсэн дүгнэлт гарсан. Үүнийгээ 2020 оны хоёрдугаар сарын 1-нд ФАТФ-ын ICRG-н буюу хамтын ажиллагааны бүлэгт хүргүүлээд, ахиулсан амжилттай ажилласан. 

Үүнээс гадна үл хөдлөх хөрөнгө зуучлалын газрууд хууль эрх зүйн хүрээнд зохицуулалтгүй байсныг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тухай хууль зэрэг хуулийг баталж өгснөөр энэ үйл ажиллагаа өнөөдөр үр дүнд хүрээд байна.

Тухайлбал, өнөөдрийн байдлаар нийт 170 үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани СЗХ-нд хүсэлтээ өгсөн. Эдгээрээс 61 хуулийн этгээд тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаагаа явуулж байна. Дээрээс нь 139 үнэт чулуу, үнэт металлаар арилжаа эрхлэгч хуулийн этгээд хүсэлтээ өгсөн. Бид материалыг нь хянаад явж байна. Өөрөөр хэлбэл, СЗХ эдгээр салбаруудыг хянадаг, бүртгэдэг эрх зүйн зохицуулалттай болсон.

Цаашид бүртгэж, хянахаас гадна энэ хоёр салбар дээр тусгайлсан хууль эрх зүйн орчин шаардлагатай тул холбогдох ажлын хэсэгтэй хамтран хуулийн төсөл бэлдчихсэн. Ирэх намрын чуулганаар өргөн барина. Ингэснээр салбарууд тогтолцооны хэмжээнд бүрэн хяналтад ороод явна гэх төсөөлөлтэй байна" гэлээ. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1098893767162275/