Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын парламент Хонг Конгийг аюулаас хамгаалах хуулийг баталлаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Бээжин хотод үргэлжилж байгаа Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулган өнөөдөр Хонг Конгийг аюулаас хамгаалах хуулийн төслийг баталжээ.

Ингэснээр өөртөө засах онцгой статустай Хонг Конг хотын дотоод асуудалд Хятадын төв засгийн газар оролцох зам нээгдэж байна. Мөн Хятадын аюулаас хамгаалах алба анх удаа өөрийн төлөөлөгчийн газрыг Хонг Конгод нээж ажиллуулах боломжтой болжээ.

Лхагва гарагаас эхлэн Хонг Конгод эх газрын нөлөөг эсэргүүцсэн жагсаал тэмцэл өрнөсөн юм.

Үүний улмаас хэдэн зуун тэмцэгчийг баривчилжээ. Өчигдөр бас АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео тус хотын өөртөө засах онцгой статус устаж үгүй болсон гэж дүгнэж байгаагаа конгресст мэдэгдсэн юм.

Ингэснээр АНУ-ын засаг захиргааны Хонг Конгийн талаар баримталдаг бодлогод өөрчлөлт орж, эдийн засаг, худалдаанд нь сөргөөр нөлөөлөх магадлалтай болжээ.

Хуулийн төслийг одоо Хятадын Коммунист Намын төв хороо баталснаар наймдугаар сараас эхлэн хэрэгжих юм. Ямар агуулгатай хууль батлагдсан талаар мэдээлэл бага байгаа ч дараах үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцдог болох нь тодорхой байна. Үүнд:

  • салан тусгаарлах – Хонг Конгийг эх газраас салгах оролдлого
  • хорлон сүйтгэх – төв засгийн газрын болон хотын засаг захиргааны бодлогын эсрэг үйл ажиллагаа
  • терроризм – Хонг Конгийн ард иргэдийн эсрэг хүчирхийлэл үйлдэх
  • Хонг Конгийн дотоод хэрэгт гадаад улс орнуудаас нөлөөлөх зэрэг багтжээ.

Хонг Конг хот 1997 онд Британийн колоничлолоос гарч, Хятадын бүрэлдэхүүнд шилжсэн юм.

Ингэхдээ өөрийн бэсрэг үндсэх хуультай, “нэг улс, хоёр систем” зарчмын дор өөртөө засах онцгой статустай оршин тогтнох гэрээг талууд байгуулж байв. Харин шинэ хууль батлагдсанаар эх газрын Хятадаас Хонг Конгийн хамаарах хамаарал улам нэмэгдэхээр болж байна.

 

Эх сурвалж: BBC