Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Колумбийн дизайнерууд авс болдог эмнэлгийн орыг хатуу цаасаар бүтээжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд Латин Америкийн орнууд коронавирусийн цар тахлын шинэ төв болоод байгаа. Энэ бүс нутгийн олон орнуудад эмнэлгийн ор хүрэлцэхгүй болж, бас нас барагсдад зориулсан авс хүрэлцэхгүй болж байна.

Тэгвэл эдгээр асуудлуудыг нэг дор шийдэх картон цаасан ор, авсны хослолыг Колумби улсын хэсэг дизайнерууд бүтээжээ.

“Бид хоёр сар орчим хугацаанд хөл хорионд байхдаа энэ санааг бодож оллоо” гэж ABC Displays компанийн үүсгэн байгуулагч Родольфо Гомез ярьж байна.

Тус компани нь картон цаасаар сурталчилгааны материал хийдэг байгууллага ажээ.

Хөрш Эквадор улсад Covid-19 өвчнөөр нас барсан хүмүүс гудамжинд хэвтэж байгааг хэвлэл мэдээллийн сувгаар харсан дизайнерууд уг санааг анх олсон гэнэ.

Эквадор улсад дөрөвдүгээр сард коронавирусийн халдвар хүчтэй тархахад авс дутагдаж, хатуу цаасаар хийсэн авс ашиглаж байжээ.

Колумби улсад ч байдал сайнгүй байгаа. Одоо тус улсад өдөрт 1,000 орчим халдварын тохиолдол бүртгэгдэж, нийтдээ 20,000 гараад байна. 700 гаруй хүн Covid-19 өвчнөөр нас баржээ.

50 сая орчим хүн амтай Колумби улс нийт 8,000 орчим эрчимт эмчилгээний ортой бөгөөд эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүй болж байгаа юм.

Гомезийн компани сард 3,000 хүртэл тооны авс болдог ор бүтээх чадвартай гэнэ. Нэг орны үнэ $95 орчим болж байгаа ажээ. Орны даац нь 150 кг юм байна.

“Хүмүүс үүнийг үхлийн ор гэж нэрлэж магадгүй. Гэхдээ хямралыг даван туулахад ийм бүтээгдэхүүн нэмэр болно гэж бид бодож байна” гэж Гомез ярьжээ.

Тус компанийн бүтээгдэхүүнийг АНУ, Бразил, Мексик, Перу, Чили зэрэг улсуудаас сонирхож холбогдсон байна. 

 

Эх сурвалж: The Guardian