Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дахивар хог авах цэг, дахин боловсруулах үйлдвэрүүдийн байршлыг мэдэх дата сантай боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын хэмжээнд хогийн цэг рүү тээвэрлэгдэн дарж булшлагдаж буй хог хаягдлын хэмжээ нь жил бүр дунджаар 281,706 тонноор нэмэгдэж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд жилд дунджаар 150,043 тонноор нэмэгдэж байна гэсэн судалгаа бий. 

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн нэгдүгээр зорилтод 2020 он гэхэд Нийслэлийн айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудын  хог хаягдлын 30 хувийг эх үүсвэр дээр ангилан ялгаж хэвшүүлнэ гэж тусгагдсан байдаг.  

Хогийг эх үүсвэр дээрх ангилан ялгалтыг дэмжих зорилгоор “Азийн сан”, “Паблик лаб Монголиа”, “Зориг” сангийн “Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийн 2020 оны оролцогчдын хамтран хэрэгжүүлж буй “UB 3R open data” төсөл цахим орчинд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. 

Байгальд ээлтэй тус төсөл хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгахыг уриалж, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах бодитой мэдээллээр олон нийтийг хангах зорилгоор “Дата мэдээллийн сан”-г бүрдүүлж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар газарзүйн мэдээллийн сан болох ArcGIS-д эко хэрэглээг дэмжигч, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгагч 62 ААН, 36 жишиг орон сууцны хотхоны СӨХ, дөрвөн байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон нийлүүлэгч ААН, дахивар худалдан авах цэг болон дахин боловсруулах 21 үйлдвэрийн байршил, холбогдох мэдээллийг байршуулжээ.

"Хог хаягдлыг 17.8 орчим хувийг ангилан ялгаж дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг"

Нийслэлийн хэмжээнд сард 117 мянган тонн, жилд 1,458,882 тонн орчим хог хаягдал бий болж байгаагаас 206 дахиварын цэгүүд 17.8 хувь орчмыг ангилан ялгаж дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг аж.

Нэг хүнээс үүсэх хог хаягдлын хэмжээг сууцны төрлөөс хамааруулан тооцож үзвэл нийтийн орон сууцны нэг оршин суугч өдөрт дунджаар 388-403 грамм, гэр хорооллын байшинд амьдардаг нэг иргэнээс өдөрт дунджаар 650-1,926 грамм хог хаягдал үүсдэг. 

Иймд бид өдрийн хэрэглээнээс гарч буй хог хаягдлаа гэрээсээ тус мэдээллийн сангийн тусламжтайгаар дахивар авах цэг, дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлж, хүрээлэн буй орчны бохирдлыг багасгахад хувь нэмэр оруулж болох юм.

 

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба