Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: Сөүлд эх уурхай нь тодорхойгүй, халдварын жижиг голомт илэрсэн

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 халдвар тархсан дэлхийн улс, орнуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

АНУ

АНУ-д өчигдөр 25 мянга шахам шинэ халдвар, 592 нас баралт бүртгэгджээ. Халдварын гол цөм Нью Йорк муж улсад өчигдөр хамгийн цөөн буюу 73 нас баралт бүртгэгдлээ. Нэгдсэн улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 1.6 саяд хүрсэн. 

Бразил

Бразил улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 16,300 гаруй шинэ халдвар бүртгэгдэн нийт тохиолдлын тоо 391 мянга гаруйд хүрчээ. Үүнээс эдгэрсэн 158 мянга гаруй ба идэвхтэй халдварын тоо 208 мянга гаруй байгаа гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. 

Өмнөд Америк тивд Бразил, Перу, Чили, Эль Сальвадор, Гватемала, Никаруага зэрэг улсад халдвар хамгийн өндөр байгаа бөгөөд тархвар зүйн хувьд хүн амын дунд өндөр тархалттай гэсэн ангилалд байна. 

ОХУ

ОХУ-д өчигдөр 8,900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 362 мянга гаруйд хүрсэн. Мөн өдөр нас баралт 174 буюу өмнөх өдрүүдээс хамгийн цөөн бүртгэгдлээ.

БНЭУ

Зүүн өмнөд Азийн бүсэд Энэтхэг улсад 6,535 тохиолдол нэмж бүртгэгдэж, нийт тохиолдол 145 мянга гаруй болсноор дэлхийн хэмжээнд халдварын тоогоор есдүгээрт бичигдэж байна.

БНСУ

БНСУ-д өчигдөр 40 тохиолдол нэмэгдсэний 37 нь дотоодын халдвар.

Түүнчлэн цахим худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг нэгэн компанийн Сөүл хот дахь ложистик төвд эх уурхай нь тодорхойгүй, халдварын жижиг голомт илэрсэн. Мягмар гарагийн байдлаар уг голомтоос 10 тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагджээ.

Мягмар гарагт бүртгэгдсэн тохиолдлын дийлэнх нь шөнийн клубийн голомтот халдвартай тархвар зүйн хувьд холбоотой бөгөөд уг голомтын батлагдсан тохиолдлын тоо 255 болсон гэж тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээнд дурдсан.

БНХАУ

Өчигдөр БНХАУ-д гаднаас зөөвөрлөгдсөн нэг тохиолдол, шинж тэмдэггүй 28 тохиолдол бүртгэгдлээ.

Тавдугаар сарын 26-ны өдрийн байдлаар тус улсад нийт 1,732 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөж, 404 шинж тэмдэггүй тохиолдол бүртгэгдсэн гэж Эрүүл мэндийн үндэсний хорооноос нь мэдээлсэн.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.