Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Төр, засаг тэргүүлж байхдаа ачааны машин жолоодсон эрхмүүд

Б.Ану
2020 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өвс ачсан, чиргүүлтэй ЗИЛ-130 машин жолоодож яваа бичлэгээ өөрийн албан ёсны фэйсбүүк хуудастаа өчигдөр нийтэлжээ. Уг бичлэгийн тайлбарт Ард түмний минь алтан шар зам өлзийтэй байг (Миний хувийн архиваас, 2019 он) гэсэн байв.

Дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүнүүдээс олон нийтийн өмнө хүнд даацын ачааны автомашин жолоодож байсан тохиолдол ховор.

Хамгийн сүүлийн жишээнүүд гэвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2018 онд Крымийн хойгийг Оросын эх газартай холбосон авто замын гүүрийг нээхдээ Камаз үйлдвэрийн өөрөө буулгагч машиныг жолоодон шинэ замаар нэвтэрч байв.

 

 

2017 онд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тээврийн салбарын төлөөлөгчдийг Цагаан ордонд хүлээн авч уулзахдаа Mack Trucks үйлдвэрийн ачааны машины бүхээгт суугаад жолоодож буй дүр эсгэж байжээ. Ингэхдээ тэр дуут дохиог нь зургаан удаа дарж сонирхсон байна.

 

 

Өөр нэг тохиолдол нь Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко 2013 онд тус улсын БелАЗ үйлдвэрийн 450 тонны даацтай шинэ ачааны машиныг жолоодон шалгаж байжээ.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ачааны машин жолоодож яваа бичлэгийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "2019 оны өвөл Хэнтийд ажлаар явах зуураа архив бичлэг болгосон" гэжээ. 

Харин уг бичлэгтэй холбоотой шүүмжлэл, хошигнол сошиалд багагүй өрнөв. Тухайлбал, машины бүхээгт Ерөнхий сайдын хажууд сууж явсан улаан цамцтай хүн хайчсан бэ, хөтөлгөө морьтой хүн морио хаяад машинд суучихсан уу гэхчлэн асуултууд үргэлжилсээр байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ачааны машин жолоодож буй бичлэг